Шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуулийн 39.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно” гэж заасан. Сонгуулийн сурталчилгаанд зориулж нам болон нэр дэвшигчид нэг хүнээс нэг сая хүртэлх төгрөгийн хандив авч болно гэсэн үг. Харин Ардчилсан намын удирдлагууд “Уг мөнгийг намын сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр зарцуулдаг. Хэвлэлийн сурталчилгаанд ч зарцуулна” гэж мэдээлсэн билээ.
Мөн Улс төрийн намуудын тухай хуулийн 18.3-т “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая төгрөг, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгуулагад жилд хоёроос дээш хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заажээ. Нэг ёсондоо Ардчилсан намын удирдлагуудын гишүүдээсээ 50 сая төгрөгийн хандив авсан нь Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байгаа ажээ. Харин энэ талаар тус намын удирдлагууд “Хууль зөрчөөгүй. Нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээс намын дотоод журмын дагуу хандив хурааж авсан” хэмээн тайлбарлаж байна. Энэ талаар УИХ дахь Ардын намын бүлгийн хуульч мэргэжилтэй гишүүдээс тодруулахад “Хууль бус” гэж хариулсан юм. УИХ-ын гишүүн С.Батболд “Намдаа хэдэн ч төгрөгийн хандив өгч болно. Гэхдээ сонгуулийн сурталчилгаанд зориулж өгөх хандивын хэмжээ нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй. Намдаа хандив өгч байгаа гэдэг утгаараа 50 сая төгрөг хурааж авч болно” гэлээ. Мөн тэрбээр “Сонгуульд нэр дэвшүүлнэ” гээд тодорхой мөнгөн дүн заах нь хууль бус гэдгийг онцоллоо.
УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж буй 99 гишүүн 50 сая төгрөгийн хандиваа нэгэнт өгсөн. Тиймээс тус намын дарга Н.Алтанхуяг “Чухам хэн, хэн 50 сая төгрөгийн хандив өгсөн бэ” гэдэгт хариулт өгөх үлдлээ. Учир нь тэдний дотор таны хэлсэнчлэн “Намынхаа ноён нуруу болох чадвартай, Ардчилсан намын үнэт зүйлсийг хамгаалах чадвартай хүмүүс” байгаа юу, үгүй юү гэдэг нь сонин байна. Хандив өгсөн 99 гишүүн нь ч мөнгөө хаанаас, ямар эх үүсвэрээс гаргаснаа тайлагнах биз ээ. Мөн 50 сая төгрөггүй гишүүдээ хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байна.
"Улс төрийн тойм" сонин