Саркози, Олланд нар гэр бүлээрээ ”сонгуульдана”

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Саркози, Олланд нар гэр бүлээрээ ”сонгуульдана”

Франц улс улс төрөөр “амьсгалж” байна. Ирэх дөрөв, тавдугаар сард Францын Ерөнхийлөгчийн сон­гууль болохтой холбогдуулан нэр дэвшигчид өөрсдийн суртал­чил­гаа­гаа хэдийнэ эхэлжээ. Францын Ерөнхийлөгч Николя Саркозигаас гадна Социалист намаас нэр дэв­шиж буй Франсуа Олланд, хэт ба­рууны Үндэсний фронт намын нэр дэвшигч Марин Ле Пен, Фран­цын хөлбөмбөгийн Үндэсний шиг­шээ багийн тамирчин Эрик Кан­тона нарын 13 хүн Франц улсыг удирдахаар зүтгэж байгаа юм. Николя Саркозигийн хүчтэй өр­сөл­дөгчөөр Социалист намын нэр дэвшигч Франсуа Олланд тодроод буй. Францын Ерөнхийлөгчийн те­левизид өгсөн ярилцлагын дараа нэр дэвшигчдийн дунд санал асуулга явуулжээ. Энэхүү асуулгад Николя Саркози 0.5 хувийн дэмжлэг авсан аж. Энэ нь ирэх сонгуулийн үеэр 24.5 хувийн саналыг иргэдээс авах магадлалтай хэмээн таамаглаж байгаа юм. Харин Франсуа Олландад өгсөн санал 31 хувьтай байгаа нь Францын шинэ Ерөнхийлөгч болж мэдэх юм гэсэн дүр зургийг харуулж байна. Гэхдээ энэ бол зөвхөн урьдчилсан дүн. Энэ хоёр нэр дэвшигчийн араас хэт барууны Үндэсний фронт намын лидер хатагтай Марин Ле Пен олон нийтээс 20 хувийн дэмжлэгийг авчээ. Уг нь Франсуа Олландын оронд Социалист намаас Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Стросс Кан нэр дэвшихээр байв. Гэвч Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгчтэй холбоотой мэдээллийн дараа түүнийг Ерөн­хийлөгчид нэр дэвшүүлэхээс тат­галзсан юм. Харин тэрбээр энэ талаар “Би Ерөнхийлөгч болохыг хүсэж байсан. Гэхдээ энэ боломжоо ашиглахгүй байхаар шийдлээ” гэжээ. Түүнчлэн “Манчестер Юнайтед” багийн тоглогч Эрик Кантона Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэв­шигчдийн жагсаалтад багтахын тулд 500 хүний гарын үсэг цуглуулахаар ажиллаж байна. Гарын үсгээ энэ сарын сүүлч гэхэд цуглуулж дуусах ёстой гэнэ. Тэрбээр Дэлхийн банкны тогтолцоог нураахыг уриалж байсан удаатай. Энэ мэт нэр дэвшигчид байгаа хэдий ч Николя Саркози, Франсуа Олланд нарын хэнд нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл очих вэ гэсэн таамаг мэдээллүүд хэвлэлээр цацагдсаар байгаа юм.

Ардын хөдөлгөөний төлөө намаас нэр дэвшсэн Николя Саркозигийн рейтинг унаж байна гэж зарим хэвлэл мэдээлж байгаа. Учир нь түүнийг Францын эдийн засгийн тогтворгүй байдал, ажилгүйдлийн төлөө дорвитой ажил хийхгүй байна гэж үзэж буйтай нь холбоотой биз ээ. Тэрбээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг гол болгон тусгасан байдаг. Ялангуяа нийгмийн аюулгүй байдлыг хангах үүднээс дүүргийн цагдаа нарыг цахилгаан гүйдэлт гар буутай болгохоор зорь­жээ. Түүнчлэн компаниудын ор­ло­гын татварын хэмжээг таван ху­виар бууруулах, илүү цагийн хөлсийг ихэс­гэж, үүнээс олсон орлогоос тат­вар авахгүй байх талаар тусгасан нь олон нийтэд таалагдаж, өдгөө Францын Ерөнхийлөгч болсон. Ха­рин энэ удаагийн сонгуулийн өмнө олон нийтийн шүүмжлэлтэй хан­даж буй эдийн засгийн байдлыг тогтвортой болгох олон ажлыг хийж байгаа аж. Энэ талаар нэгэн ярилц­лагадаа дурьджээ. Николя Саркози “Франц улсын хувьд эдийн засаг төдийлөн сайн гэсэн дүнг авахгүй байгаа ч бусдыг бодвол байдал гайгүй байна. Эдийн засаг хамгийн ярвигтай шийдвэр гаргахад хүргэдэг. Бид эдийн засгийн бодлого дээр бүсээ чангалж, давж чадвал цаашид амар амгалан байх нөхцөл бүрдэнэ. Энэ алдагдлыг манай улс татварын бодлогоороо нөхөх гэж байгаа” гэв. Түүний энэхүү бодлогыг францчууд “Робин гууд”-ийн бодлого хэмээж буй. Харин үүнд Ерөнхийлөгч Сар­кози огтхонч эмзэглэхгүй байгаагаа хэлсэн. Тэр­бээр ямартай ч татварын бодлого, хямрал бэрхшээлийг хамтдаа туулж байж амжилтад хүрнэ гэдгийг ард түмэндээ сануулав. Эдийн зас­гийн хямралтай холбогдуулан Ерөн­хий­лөгч Николя Саркозиг буруутгаж байгаа ч түүнийг улиран сонгогдох магадлалтай гэх үндэслэл бий. Учир нь түүний эхнэр жүжигчин, дуучин, загвар өмсөгч Карла Бруни жирэмсэн төдийгүй нөхрийнхөө сонгуулийн кампанит ажилд оролцох аж. Энэ нь Саркозигийн хувьд томоохон PR болно гэж Францын “Ле Монде” сонин онцолжээ.

Социалист намаас нэр дэвшиж байгаа 57 настай Франсуа Олландын нэр хүнд өндөр яваа. Түүнийг  Парис хотод сонгогчидтой уулзаж байх үеэр нь нэгэн эмэгтэй гурил цацаж орхижээ. Францын Лилля хотын 45 настай эмэгтэй ийн гурил цацах болсон шалтгаанаа нэр дэвшигч Франсуа Олландын санаачилсан Орон сууцны хуулийн төслийг эсэргүүцэж байгаатай холбон тайлбарласан бай­на. Түүнч­лэн зүүнийхэн хэзээ ч хууль хэ­рэгжүүлдэггүй гэжээ. Ха­рин түү­ний энэ үйлдлийн хариуд нэр дэвшигч “Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Францын өнөө­гийн нийгэм тэр эмэгтэйг над руу гурил шидүүлэхэд хүргэлээ. Би ийм байдлыг зогсоохыг зорьж байна” хэмээсэн аж. Ингэж хэлснээрээ ир­гэдэд өөрийгөө эерэгээр харуулж, өрсөлдөгч Николя Саркозигийн хэ­рэгжүүлж буй ажлыг буруутгасан өнгө аяыг илэрхийлсэн юм. Франсуа Олландын эхнэр нь Социалист на­маас өнгөрсөн Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдсөн Сеголен Руаяль юм. Тэрбээр Николя Саркозигийн хүчтэй өрсөлдөгч байсан. Харин энэ удаа нөхрөө дэмжиж байгаагаа илэрхийлж буй. Мөн “Ажилгүйдэл, авлига, эдийн засгийн хүнд байдал бидний гол асуудал болсон. Ев­ропын холбооны өртэй улсуудын давлагаанд өртөхгүйгээр хямралаас гарах арга замыг хайх хэрэгтэй. Гэтэл үүнд Саркози анхаарахгүй бай­на” хэмээжээ. Улс төрд нөлөө бү­хий гэр бүлийн хоёр хүч хавсран Ерөнхийлөгч Николя Саркозитай өр­сөлдсөөр байна. Франц улсын Ерөн­хийлөгч долоон жилийн хугацаанд эрх барьдаг. Үүгээр зогсохгүй Ерөн­хийлөгч нь онцгой байдал тогтоож, бүх эрх мэдлийг гартаа авах боломж олгосон байдаг аж. 

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж