Монголын бүх ард түмний спортын ХIII их наадмын боксын тэмцээн Спортын төв ордны “А” зааланд долоо хоногийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. “Монголын олимп”-ийн салхийг хагалсан ширэн бээлийтнүүдийн тэмцэл өндөр түвшинд зохион байгуулагдсан бөгөөд нийт 25 байгууллагын 222 тамирчин 13 жинд /эрэгтэйчүүдийн 49,52,56,60,64,69,75,81,91, +91, эмэгтэйчүүдийн 51,60,75 кг/ хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Монгол улсын хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, гавьяат тамирчин Н.Төгсцогт, ОУХМ Д.Отгондалай, Э.Идэрхүү, З.Энхзориг, Б.Жавхлан, Б.ТҮвшинбат, С.Эрдэнэбаяр нарын шилдгүүд хүч үзэж, бүгд урьдчилан таамаглаж байсанчлан шигшээ тоглолтод шалгарч үлдсэн юм. Энэ удаагийн тэмцээнийг харж суухад цөөнгүй зүйл анзаарагдлаа. Монголд боксын спорт хэр эрчимтэй хөгжиж буйг оролцогчдын тоо харуулна. Хэдэн жилийн өмнө хүнд жинд цөөхөн тамирчин оролцож, тал нь шахуу шагналын тавцанд гишгэдэг байсан цаг ард хоцорчээ. 81 кг-ын жинд ес, -91, кг-д 11, +95 кг-д 15, эмэгтэйчүүдийн 51 кг-д 22,60 кг-д 15, 75 кг-д есөн тамирчин хүч үзсэн нь чамлахааргүй үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн УАШТ-д ихэнх боксчин битүү хамгаалалттай тоглосон бол энэ удаа эсрэгээрээ задгай тоглолт үзүүлсэн нь үзэгчдийн сэтгэл гойд нийцсэн. Манай шилдэг тамирчпын нэг З.Энхзориг 2011 оны УАШТ-ий шигшээ тоглолтод Б.Жавхланд туслах оноогоор дийлдэж байсан хариугаа энэ удаа авлаа. Тэрбээр эцсийн мөчид 12:11-ээр ялалт байгуулсан юм. Гэхдээ Б.Жавхланг тун сайн тэмцэснийг хэлэх хэрэгтэй. Хоёрдугаар үеийн эхэнд 1:9-өөр дийлдэж байсан тэрбээр гуравдугаар үеийн дунд хэсэгт 10:10 болгож чадсан. Харин төгсгөлөө тааруу хийснээр 2008 оны Спартакиадын алтан медалиа ихэрлүүлэх боломжоо алдав. Тэмцээний багийн дүн гарахад Орхон аймаг /32.5 оноогоор/ тэргүүлж, БХЯ-ны “Алдар” спорт хороо /31/ ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо /31/ удааллаа. Тэмцээний өсөх ирээдүйтэй тамирчнаар 52 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогттой тун сайн үзээд бараагүй Х.Энхдэлгэр /Алдар/, шилдэг эмэгтэй тамирчнаар М.Нандинцэцэг /Аврагч/ эрэгтэй тамирчнаар Т.Ерболат/Алдар/, дасгалжуулагчаар Т.Эрдэнэбаяр /Дорнод/, шүүгчээр Хас-Эрдэнэ тодров. Их наадмын боксын тэмцээнийг ихэнх тоглолтыг “ТВ-9” телевиз өндөр түвшинд шууд дамжуулан үзүүлсэнд Боксын хорхойтнууд ам сайтай хоцорсон.
Тэмцээний дүнг хүргэж байна.
Эмэгтэйчүүдийн 51 кг/ 22 боксчин/:
Нандинцэцэг / аврагч/
Т.Болортуул /сүлд/
Д.Шинэцэцэг, О.Дэлгэрмаа / хоёул Сонгинохайрхан дүүрэг/
60 кг/15/ :
О.Сувд-Эрдэнэ/ аврагч
Ц.Цэрэнчимэг /аврагч
Н.Оюун-Эрдэнэ /Сүхбаатар, Г.Жалгинсүрэн /Булган
75 кг /9/:
Э.Ундрам /аврагч
Э.Эрдэнэцэцэг /Дорнод
Д.Магван/Баянгол дүүрэг/, М.Мягмаржаргал /Хан-Уул дүүрэг/
Эрэгтэйчүүдийн 49 кг /25/:
Г.Ган-Эрдэнэ /Төв/
А.Доржнамжим/ Чингэлтэй дүүрэг/
М.Гандулам / Чингэлтэй дүүрэг/ , Г.Ариунболд /Баянгол дүүрэг/
52 кг /20/:
Н.Төгсцогт /Орхон/
Х.Энхдэлгэр/Алдар/
Б.Билгүүн /Сүлд/ , Ж.Еркин /Хилчин/
56 кг /20/:
Д.Отгондалай/Хилчин/
Э.Идэрхүү/Сүлд/
Ж.Отгонбаяр /Алдар/, Т.Төгөлдөр /Баянхонгор/
60кг /23/:
З.Энхзориг/Сүлд/
Б.Жавхлан /Орхон/
Б.Оргил/Налайх дүүрэг/, Г.Билгүүн/Төв/
64кг /21/:
Б.Чинзориг/Алдар/
Ц.Отгон-Эрдэнэ/Төв/
А.Мөнхбаатар /Дархан/, О.Батзориг /Сүлд/
69кг /19/:
Б.Түвшинбат /хүч/
Ж.Отгонжаргал /Орхон/
Б.Агарзандан /Хан-Уул/, Л.Шинэтулга /Орхон/
75кг /13/:
Н.Шинэбаяр/Сүлд/
Т.Чулуунтөмөр/Хилчин/
Т.Ибрайм/Алдар/, Б.Дарханбаяр/Хүч/
-91 кг /11/:
1. Т.Ерболат/Алдар/
2. О.Энхжин/ Сонгинохайрхан дүүрэг
3. Б.Бэлгүүтэй /Аврагч/, М.Мөнххуяг/Баянгол дүүрэг/
+91кг /15/:
М.Нандинтүшиг /Сонгинохайрхан/
Д.Идэрбат/Орхон/
Б.Атарбаяр /Хүч/, Т.Ганбаяр /Баянзүрх дүүрэг/
Д.Нанжид“Өдрийн шуудан” сонин