АН-ын гишүүдийн санаачилсан хууль хаачив?

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

АН-ын гишүүдийн санаачилсан хууль хаачив?

УИХ-ын намрын чуулганы төгсгөл дээр эрхэм гишүүд Орон нутгийн сонгуулийн хуулиа шинэчлэх ажилд ороод байна. Уг нь аль дээр 2008 онд, энэ УИХ-ын өмнөх парламентын гишүүд 2012 онд УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хамтатган хийхээр хуульчилсан байдаг. Тэд асуудлыг илүү эрүүл саруул, бодитойгоор харсан нь мэдээж. Учир нь тэдний өрсөлдөх 2008 оны сонгуулиар биш, түүний дараагийн 2012 оны сонгууль буюу дөрвөн жилийн дараа болох асуудлыг хуульчилсан болохоор улстөржилт ороогүй эрүүл хууль гаргасан нь ойлгомжтой.

Бүрэн эрх нь дуусахад ганцхан чуулганы хугацаа үлдээд буй одоогийн УИХ-ын гишүүд гурван жил нухаж байж өөрсдөдөө хал багатай Сонгуулийн хууль гаргахдаа орон нутгийн сонгуулийг энэ жил УИХ-ынхтай хамтатгаж явуулах хуультай байснаа мартсан бололтой юм. Ялангуяа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мартагнуулж байгаад хоёр сонгуулийг салгаад хийчих санаатай байснаа саяын өдрүүдэд илэрхийлчихлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн З.Энхболд нарын гишүүд хоёр сонгуулийг цуг явуулах 2008 оны хуулийг дэмжиж, Орон утгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар оруулаад цөөнгүй хонолоо. Харин Засгийн газар хуулийн төсөлд санал өгөлгүй “хав дараад” өнөөг хүргэчижээ. 

Гэтэл түүнээс хойш МАН-ын бүлгийн  Д.Лүндээжанцан нарын 11 гишүүн хоёр сонгуулийг салгаж хийхээр өөр нэг хуулийн төсөл санаачлан Засгийн газарт оруултал тэр даруйд нь санал өгөөд, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барих боломжийг нь бүрдүүлсэн юм. Ингээд өнөөдрөөс бэлэн болсноор нь хоёр сонгуулийг тус тусад нь явуулах МАН-ын бүлгийн гишүүдийн хуулийн төслийг АН, МАН-ын бүлгийн гишүүд хэлэлцэж эхлээд байна. Уг төслийг маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор, пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр УИХ-ын даргын зөвлөлөөс гаргадаг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгажээ. Харин АН-ын бүлгийн гишүүдийн хоёр сонгуулийг хамт явуулах тухай хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн баригдалгүй Засгийн газрын “авдрын ёроолд” хоцорсон тул жагсаалтад орсонгүй.

Энэ янзаараа бол УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлээр, орон нутгийн сонгуулийг намар, аравдугаар сарын дундуур хийх МАН-ын бүлгийн хуулийн төслийг УИХ, Засгийн газар лоббидож байгаа бололтой. Зургадугаар сард нэг ажлын өдөр, аравдугаар сард бас нэг ажлын өдрийг сонгуульд зориулж “гарздах”, дээр нь хоёр удаа хэсэг, тойргийн сонгуулийн хороо ажиллуулж, төрийн албан хаагчдын ажлыг цалгардуулах, өвлийн бэлтгэл, хадлан тарианы ажил дундуур баахан бензин тос, хүн хүчийг орон нутгийн сонгуульд зориулж, аймаг, сум, багийн удирдлагын анхаарлыг гол ажлаас нь хөндийрүүлэх, шинэ удирдлага ажлаа авсаар байтал хүйтэн сэрүүний улирал залгах гээд төвөг чирэгдэл ихтэй ажлыг  МАН-ын бүлгийнхэн хүчтэй зүтгүүлж эхэллээ.

Хоёр сонгуулийг хамтатгах хуулийн төсөл санаачилсан З.Энхболд гишүүний хэлснээр бол УИХ, орон нутгийн сонгуулийг зургадугаар сард зэрэг хийхэд ямар ч төвөг бэрхшээл учрахгүй, харин ч хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацааны ихээхэн хэмнэлт гарах юм. Зун ажлаа авсан орон нутгийн удирдлага намар гэхэд ажилдаа зүгширч, өвлийн бэлтгэл, хадлан, тариа хураах ажил саадгүй явах боломжтой. Илүү сонгуульд зарлагадах бензин шатахуунаа намрын ажилдаа зарцуулбал эдийн засагт хэмнэлттэй нь ойлгомжтой.

Орон нутгийн сонгууль явуулах тогтолцооны хувьд хоёр намд зөрүү байхгүй. Хуучин явуулдаг байсан томсгосон мажоритар тогтолцоогоороо хийх юм билээ. Сонгуулийн саналын хуудас нь хоёр болно. Аль алийг нь машинаар уншуулна. Иргэд цахим иргэний үнэмлэхээ ялгаагүй хэрэглэнэ.

Ганцхан нэг удаа сонгуульдах уу, хоёр удаа сонгуульдаж зун, намрыг улстөржүүлж ажлаа алдаж өнгөрөөх үү гэдэг дээр гацаа үүсч амрын чуулганы завсарлах хугацааг ч сунгаж мэдэхээр боллоо. Ингэхэд АН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төсөл хаачив аа?

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж