ЭЗ-ийн өсөлт сонгуулиар намируулах туг, далбаа биш

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийн өсөлт сонгуулиар намируулах туг, далбаа биш

Засгийн газар эдийн засгийн өсөлтийн талаарх сонсголонтой сайхан тоогоор иргэдээ гурван жил “тэжээлээ”. Энэ нь хэдийгээр сайн хэрэг боловч нөгөө талаар иргэдийн зүгээс шүүмжлэх, эдийн засагчдаас “банга”, “дон­го” хүртэхэд нь нэмэр болж буйг бид харж байна. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн онд өмнөх оныхоос 28.7 хувиар өсөж, 10.8 их наяд төгрөгт хүрчлээ. Харин бодит эдийн засгийн өсөлт түүхэнд хамгийн өндөр бу­юу 17.3 хувьд хүрсэн бай­на. Энэхүү өсөлтийн 42 хувийг үйлчилгээний сал­барын өсөлт эзэлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан ирэх сонгуулийн өмнө олон нийтэд таашаагдахуйц, “нүдээ олсон” нэгэн хуулийг УИХ-ын зарим гишүүн санаачлаад байгаа сурагтай.
Уг хуульд зааснаар Монгол Улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний салбарын 50-иас дээш хувь нь заавал монгол эзэнтэй байх тухай аж. Хэдийгээр эцсийн байдлаар ингэж томьёолоогүй байгаа ч энэ бол маш зөв төдийгүй Монгол Улсыг хөгжүүлэх хууль яах аргагүй мөн. Өнөө­дөр үйлчилгээний сал­бар дахь монголчуудын бизнес тун ядмагхан. Харин хятад, солонгос эзэнтэй үйлчилгээний байгууллагууд улам олширсоор байгаа.

Энэ тохиолдолд Монгол Улсад нулимсны дуслын чинээ татвараа төлчихөөд бусад ашиг орлогоо хил давуулан халаасална. Үйлчилгээний салбар бол эдийн засгийн бодит өсөлтийг, тэр тусмаа нийгмийн дундаж давхаргынханд хуримтлал бий болгох эх сурвалж болдогоороо онцлогтой салбар. Тэгвэл дуншиж, бас нууцалж буй энэ хууль батлагдсанаар хамгийн ашигтай салбартаа монголчууд өөрсдөө ажиллаж, ашиг олдог болох юм.

Засгийн газраас энэ онд эдийн засгийн өсөлт 25.6 хувьд хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Харин Олон улсын валютын сан 11.8 хувь, Монголбанк 16.6 хувьд, Дэлхийн банк 15.1 хувьд хүрнэ хэмээн тооцоолоод байгаа аж. Гэвч эдийн засгийн өсөлт өндөр байх таатай мэдээлэл дуулдаж буй нь иргэдийн амьжиргаа сайжирна гэсэн үг биш. Харин ч инфляцийн дарамт ихсэх магадлал өндөр байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхий дахинд эдийн засгийн хямралын аюул бодитойгоор нүүрэлчихээд байхад Монголд л зөвхөн өсөлт харагдаад байна гэвэл бас худлаа болно. Тэр тусмаа саяхан ниргээд өнгөрсөн үнийн “цунами”-ийн аюул арилаагүй байна. ОХУ-д ирэх сард газрын тосны бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Монголд сонгуулийн жилийг угтсан халамжийн “бороо” зүсэрч, бэлэн мөнгө тараах, эдийн засгийг халаах” бүх талын нөлөөлөл хүлээгдэж байгаа нь түгшүүр төрүүдсэн хэвээр байна.

Энэ бүхэн манай улстөрчид хэрэв иргэдээ, эдийн засгаа боддог бол төсвийн сахилга батад онцгой анхаарах хэрэгтэйг сануулж буй. ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн газрын дарга Стивен Барнетт энэ талаар ярихдаа “Инфляцийг хяналтандаа байлгах хамгийн шилдэг арга бол хариуцлагаа ухамсарласан төсвийн бодлого хэрэгжүүлэх явдал. Төсвийн зарлагын өсөлт 2011, 2012 онуудад хэт өндөр байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж буй гол хүчин зүйл болж байна. Амьжиргааны өртөг нэмэгдэж байна гэсэн иргэдийн санал гомдол нь үндэслэлтэй бөгөөд Монголбанк гэхээсээ илүүтэй төсвийн бодлого тодорхойлогчдод чиглэх ёстой” хэмээн зөвлөсөн. Тиймээс улстөрчид “Дэлхийн эдийн засаг хямарч, Монголынх өсөж байна” хэмээн хөөрцөглөхөөсөө илүү эдийн засагчдын үгийг сонсож, таатай нөхцөл байдлаа хамгаалан гаднын нөлөөллөөс үүдэлтэй хямралаас сэргийлэхэд онцгой анхаарал хандуулах нь чухал. Эдийн засгийн өсөлт бол сонгуулиар намируулах туг, далбаа биш.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж