Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Хуульч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна.

Хэнри Форд конвейерийн системийг нэвтрүүлснээр автома­шины үйлдвэрлэлийн салбарт үсрэлт гарсан. Харин манай өнөөгийн нийгэмд аль эрт, социализмын үед суурилуулсан яллах конвейер ажиллан олон иргэний хуулиар хамгаалагдсан эрх чөлөөг зөрчиж буй. Энэ нь бизнесийн салбарт хүртэл нөлөөлөгч чөдөр тушаа болоод байгааг шүүмжилсэн өм­нөх нийтлэлд маань эгдүүцсэн мэр­гэ­жил нэгтнүүдийн зүгээс шүүмж­лэл, дарамт ихээр ирсэн. Гэвч үүнийг эс тоон, хэн нэгнийг ял­лах дамжлагын золиос боло­хоос урьдчилан сэргийлэх үүд­нээс тодорхой төрлийн гэмт хэргүүдийн талаар бичье хэмээн санаж, “Хүний наймаа” сэдвээр эхэлж буй нь энэ.

Хүний наймаа гэхээр анх сонссон хүнд эртний хар арьст боолуудын худалдаа, эсхүл хэн нэгнийг нөгөө этгээд нь мөнгө төлж аваад боолчилж буй дүр зураг төсөөлөгдөх нь элбэг. Гэтэл бодит амьдрал дээр хавьгүй энгийн зүйл байдаг.

Манай Эрүүгийн хуульд хүн худалдах, худалдан авах /хүний наймааны албан ёсны хэллэг/ гэмт хэрэг гэж айхавтар зүйл анги бий. Энэ зүйл ангиар буруутгагдвал багадаа тав, ихдээ 15 жил шоронд өнгөрүүлнэ. “Би хүн худалддаггүй, худалдан авдаггүй юм чинь энэ надад ямар хамаа байх вэ” гэж бүү бодож байвал дараах тохиолдлуудыг анхаараарай.

Нэгэн залуу найзуудтайгаа наргиж явахдаа хэдэн охидуудтай танилцаж, нэгтэй нь дотносжээ. Өнөөх охин түүнд найзууд нь Макаод өндөр цалинтай ажил хийж байгаа тухай ярьж, тэдэнтэйгээ улзахад туслахыг хүссэн байна. Залуу түүнийг Макаод очиж казино тоглонгоо дагуулж яваад буцах гэтэл өнөөх охин найзуудтайгаа үлдэнэ гэсэн тул орхиод иржээ. Энэ явдлаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байтал Тагнуулын төв газраас залууг гэнэт баривчилж, хүн худалдаалах гэмт хэрэгт буруутгах нь тэр.

Залуу ямар ч ашиг олоогүй, анхнаасаа ч тийм зорилгогүй байсан. Харин өнөөх охин очсон газартаа биеэ үнэлж байгаад баригдаж ирэхдээ “Чамайг хэн дагуулж явсан бэ” гэсэн асуултад хариулахдаа өнөөх залууг заагаад өгчихсөн байж. Шалгаад үзтэл яах аргагүй нэг онгоцоор, нэг өдөр хил нэвтэрсэн, мөн өмнө нь харилцаатай байсан гэдгийг нь олон хүн гэрчилсэн тул хөөрхий залуу балрах нь тэр. Хүн худалдаалах гэмт хэрэг дээр ялын бодлого чанга байх ёстой гэсэн өнөөгийн зарчмаар тэрбээр таван  жилийн хорих ял шийтгүүлсэн.

Түүнээс ч өрөвдөлтэйгээр энэ гэмт хэрэгт буруутгагдаж 10 жилийн хорих ял авсан хүн бий. Хэдэн жилийн өмнө Бөхийн өргөөний хойд талын баарнууд дахь биеэ үнэлэлт замбараагаа алдаж, хажуугаар нь явахад хүртэл илт анзаарагддаг байсан. Энэ үед тэрхүү биеэ үнэлэгчдээс заримдаа 500 төгрөг, эсвэл идсэн хоолных нь үлдэгдлийг авсныхаа хөлсөнд цагдаа ирж байгаа эсэхийг харж өгдөг байсан, траншейнд амьдрагч нэгэн эр “Хүн худалдаалах гэмт хэрэгт хамтран оролцсон” гэсэн үндэслэлээр 10 жилийн хорих ял авсан юм. Түүнийг ашиглаж цагдаагаас сэргийлж байсан өнөөх биеэ үнэлэгчид нь харин “хохирогч” болоод дууссан. Шүүх хурал дээр өнөөх эр “Би хүн худалдаалах гэдгийг чинь сонсоо ч үгүй, өлсөхийн эрхэнд л хүн харж өгсөн болохоос” гээд хоолойгоо зангируулан уйлсан ч дээрх хэмжээний ял аваад явж билээ.

Саун массажны газрууд нэгэн үе олноороо байгуулагдаж, ашиг орлогыг нь бодоод олон хүн энэ бизнест орсон. Зарим нь ашиг олохын эрхэнд охидыг байлгаж, тэднээр далимдуулж үйлчлүүлэгчдээ татдаг. Жижиг зочид буудлууд ч яг л энэ зарчмаар ажилласан. Харин өнөөдөр хүн худалдаалах гэмт хэрэгт ийм газрын эзэд олноороо шийтгүүлж байна. Орчлонд өч төчнөөн төрлийн бизнес байхад заавал ийм аюултай зүйл хийх хэрэг байна уу, ер нь.

Хүн худалдаалах гэдэг зөвхөн биеэ үнэнэлэлт, бэлгийн мөлжлөгтэй холбоотой зүйл биш. Хөдлөмөрийн мөлжлөг гэж нэг юм бий. Чех, Казакстан, Турк зэрэг улсад өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн зараар хууртаж очоод өлсөж үхэхгүйн эрхэнд зарцын хөдөлмөр эрхэлж байгаа явдал үүнд хамаарна. Зөвхөн гадаадад гэлтгүй Монголын зарим аж ахуйн нэгж ажилчдаа дарамталдаг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин өгдөг, нууц хадгалах нэрийн дор цоож түгжээтэй ажиллуулж, гэр бүлээр нь дарамталдаг явдал байна. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт ял оноогоогүй байгаа ч гэсэн нэгэнт хуульд заагдсан тул хариуцлага байгаа л гэсэн үг.

 Гадаад хүнтэй гэр бүл болоход зуучилдаг хүмүүс гэж бий. Гадаад байтугай монгол хүнтэй зуучилж гэрлүүлнэ гэдэг нь өнөөдөр хуулиар зохицуулагдаагүй зүйл. Гэтэл төлбөр мөнгө аваад үзүүлж буй гадаад хүнтэй гэр болгох үйлчилгээний ард өнөөх л хүн худалдаалах гэмт хэрэг нуугдаж байдаг. Энэ төрлийн биенес эрхлэгчдийн хувьд бас л эрсдэл дунд, хүний хувь заяанд нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ анхаарах хэрэгтэй.

Хүний наймаа бол жигшүүртэй явдал мөн. Манай улс энэ гэмт хэрэгтэй тэмцэх талаар маш олон конвенц, ротоколд нэгдсэн. Зорилго нь монгол хүмүүн бусдад худалдагдаж, аливаа төрлийн мөлж­лөгөөс ангид байхаас урьдчилан сэргийлэх явдал.

Харин тэрхүү нэгдэн орсон баримт бичгүүд нь манай орны хууль эрх зүйн системд хэрхэн тусав. Тэдгээрийг зүй зохистойгоор хэрэглэх нөхцлийг бүрдүүлж чадаж байна уу гэдэгт л гол асуудал бий. Хүн худалдаалахтай тэмцэж байгаа нь энэ гээд хөрсөндөө тохирохгүй зүйл хийж, ялын бодлого хатуу байна гээд нэр холбогдсон болгонд олон жилийн хорих ял өгч боломгүй.

Энэ талаарх иргэдийн мэдээл­лийг сайжруулах нь хүний наймаатай тэмцэх үндсэн арга. Түүнээс биш “Хүний наймаа гэж нэг л их аюултай зүйл байдаг, айхавтар хатуу ялтай” гэж айлгах мөртлөө учрыг нь ойлгуулахгүй бол хэрхэн үр дүнд хүрэх билээ. Энэ үүрэг хуулиараа Засгийн газарт оногддог юм.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж