Арван долоон нэр төрлийн элементээс бүрддэг газрын ховор элементийн нийлүүлэлтийн 95 хувийг Хятад улс дангаараа хангадаг дүн мэдээлэл бий. Гэвч тус улс 2010 оноос эхлэн нийлүүлэлтээ 40 орчим хувиар огцом танаснаар уг түүхий эдийн үнэ 8-10 дахин өссөн юм. Гэхдээ өнгөрсөн оны сүүлээр үнэ харьцангуй буусан байна. Газрын ховор элементийн үнийн хувьд харилцан адилгүй байдаг. Тухайлбал газрын ховрын бүлэгт багтдаг церий өнгөрсөн оны дундуур нэг кг нь 150 ам.доллар болоод байсан бол оны сүүлээр 50 ам.доллар болж буужээ. Харин тербий нэг кг нь 4500 ам.доллар байснаа оны сүүлээр 2800 ам.доллар болж хямдарчээ.
Дэлхийн улс орнуудад газрын ховор элементийн шинэ шинэ төслүүд ашиглалтад орох гэж байгаа ч тэдгээр нь ихэвчлэн газрын хөнгөн элементийн баялагтай ордууд байгаа юм. Харин салхин турбин, цахилгаан машинд хэрэглэгддэг газрын хүнд элемент болох тербий, диспрозий, гадолений зэрэг түүхий эд зах зээлд хамгийн эрэлттэй, олдоц ховор байна.
Газрын ховор элемент нь цахилгаан, хос хөдөлгүүрт машины үйлдвэрлэлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Автомашин үйлдвэрлэгч нар нийлүүлэлтээс гадна технологийн шинэчлэлд анхаарч эхлээд байна. Тухайлбал “Тоёота” компани ойрын хоёр жилийн хугацаанд газрын ховор элементийн оролцоогүй бүтсэн хайбрид машин үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа ажээ.
Газрын ховор элементийн найдвартай нийлүүлэлтийг бүрдүүлж чадах эсэх нь дэлхийн улс орнуудад удаан хугацааны туршид томоохон асуудал болж мэдэх юм. Өнгөрсөн жилийн байдлаар уг түүхий эдийн хэрэглээ бага зэрэг буурч, 105 мянган тонн байсан бол энэ жил 120 мянган тонн давах төлөвтэй байгаа аж. Газрын ховор элементийг орлуулах технологийг туршсаар байгаа ч уг түүхий эдийн соронзон дамжуулах болон бусад шинж чанар нь ер бусын орлуулшгүй тул өдгөөг хүртэл технологи үйлдвэрлэлийн “жор”-ын хамгийн чухал орц хэвээр байсаар байна.