Британийн рекламын стандартын хороо (ASA) жүжигчин Рэйчэл Вайзын тоглосон L’Oreal-ын үрчлээний эсрэг тосны рекламыг “фотошоп” ашигласных нь төлөө хориглолоо.
ASA-гийн сайтанд мэдээлснээр, тус хороонд Либерал намын депутат Жо Суинсоноос Revitalift Repair 10 тос худалдан авагчдыг төөрөгдөлд оруулж болзошгүй гэсэн утгатай гомдол иржээ. Вайзын гэрэл зургийг компьютерээр боловсруулсан нь тосны үзүүлэх нөлөөллийн талаар буруу ойлголт төрүүлж байгааг эрхэм Суинсон онцолсон байна. Британийн рекламын стандартын хороо жүжигчний нүүр компьютерийн боловсруулалтын нөлөөгөөр бодит амьдрал дээрхээсээ хавьгүй толигор болсныг хүлээн зөвшөөрчээ.
The Daily Telegraph-т бичсэнээр бол, депутат Жо Суинсон, гоо сайхны компаниуд рекламдаа компьютерийн технологи ашиглахыг идэвхитэй эсэргүүцэгч нэгэн бөгөөд тэрээр L’Oreal-ын рекламыг хориглосон ASA-гийн шийдвэрт баяр хүргэж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “залилан мэхэлсэн зургуудаараа худалдан авагчдыг шулахаа зогсоох ёстой” гэж мэдэгджээ.
ASA-д мөн жүжигчин Жейн Фондагийн тоглосон L’Oreal-ын чийгшүүлэгч тосны рекламын талаар гомдол ирсэн байна. Гэхдээ тус хороо Фондагийн зураг компьютерийн боловсруулалтаар тэгтлээ их өөрчлөгдөөгүй гэж үзэн гомдлыг хэрэгсээгүй байна.
Өмнө нь ASA L’Oreal-ын рекламыг нэг бус удаа хориглож байсан юм. 2011 оны 7 сард Жулиа Робертстой рекламыг их “фотошопдсон” хэмээн хориглоход гомдол гаргагч нь мөн л Жо Суинсон байсан билээ.
Эх сурвалж: The Daily Telegraph