Тэд “Монгол ёсолгоо”-г дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Тэд “Монгол ёсолгоо”-г дэмжиж байна

Хүндэтгэлийн ёсолгоотой болох уриалга олны дэмжлэгийг хүлээж эхэллээ. Үүний нэгэн тод илрэл нь хоёр дахь сурталчилгаанд олимпийн аваргууд, Гавьяат тамирчин тоглосон явдал юм. Монгол ёсолгооны талаархи олон нийтийн санаа бодол гайхширсан, үл ойлгох байдлаас хүлээн зөвшөөрөх, дэмжин сайшаах хандлага руу орж байна. 

Ёсолгоог гудамжинд таарсан хүнтэйгээ хийх юм уу гэсэн асуулт ихээр тавигдаж байгаа. Ёсолгоог хүндэтгэлийн гэдэг эрхэм үгээр тодотгосон. Тиймээс үүнийг Төрийн дууллаа дуулсны дараа гэх мэт хүндэтгэлийн арга хэмжээн дээр үйлдээсэй хэмээн энэхүү ёсолгоог санаачлагчид уриалж байгаа юм. Үндэсний их баяр наадмын нээлт, мөн Төрийн дуулал сонсох агшинд бид ёсолгооны нэгэн мөр ойлголтгүйгээс янз бүрийн байдал гарган зогсож байдаг шүү дээ. Үүнийг нэг мөр болгох, нэгэн ёсолгоог хэвшүүлэх нь бидний гол зорилго юм. Ингээд та бүхэндээ ёсолгооны талаар олноо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс юу хэлэхийг хамтдаа сонирхцгооё.

Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц: Бурхнаас даллага дуудсан хэлбэртэй юм билээ

-Хоёр алгаа дээш харуулах бол монголчуудын хувьд их утга учиртай үйлдэл юм. Мэндлэх, золгох, овооны тахилга үйлдэх гэх мэт зан үйл бүхэнд алгаа дээш харуулдаг. Та нарын санаачилж байгаа ёсолгоог харахад алгаа дээш харуулан тэнийлгэсэн нь их аятайхан харагдаж байна лээ. Хоёр алгаа дээш харуулан тэнгэр бурхан руу хандуулна гэдэг бол дээд бурхнаас даллага дуудсан маягтай, цаашилбал буян заяа, хийморь сүлд, сүр хүчийг өөртөө шингээх авч байгаа утгатай юм шүү дээ. Энэ нь манай улсын газрын зурагтай адил байгаа нь маш сайхан харагдаж байсан. Амны хишиг, сайн сайхан дуудах маягтай. Би энэ талаар нэг тусгайлан өгүүлэл бичиж өгье гэж бодож байгаа.

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр: Олимпийн медалиа хүртээд зогсож байхдаа ингэж ёсолсон бол…

-Монгол ёсолгоо гэдэг сурталчилгаа зурагтаар гарч эхэлсэн. “Архины сурталчилгаа юм уу даа” гэж олон хүний нэгэн адил харж байсан. Тэгсэн энэхүү ёсолгоог санаачлагчид надтай ирж уулзсан. Хүндэтгэлийн ёсолгоотой больё гэдэг тэдний гэгээн санааг ойлгоод сайнаасаа саар юм ихэдсэн энэ үед ийм сүү шиг зорилготой хүмүүс байгаа нь их сайхан санагдсан. Тэгээд хэрхэн яаж тус дэм болох вэ гэж асуусан. Эхний сурталчилгаанд Бавуугийн Лхагвасүрэн гуай тоглосон юм билээ. Удаахид нь та орооч гэсэн санал тавьсан. Би зөвшөөрсөн. Хэрэв одоогоос 4-5 жилийн өмнө ч юм уу, намайг Олимпийн аварга болоход бид хэрэв Хүндэтгэлийн ёсолгоогоо хэвшүүлсэн байсан бол, Бээжингийн тэнгэрт Төрийн маань далбаа мандаж байхад би ингээд ёслоод зогсож байсан бол их утга учиртай, сайхан, өвөрмөц харагдах байсан байх даа гэж одоо бодож сууна. Ийм сайхан буянтай үйлд оролцож, энэхүү ёсолгоог дэмжиж байгаагаа үлгэр харуулах боломжтой болсондоо их билэгшээж байгаа.

МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул: Төрийн дууллаа дуулсны дараа…

-Энэхүү ёсолгоог телевизээр харсан. Киноны сурталчилгаа юм болов уу даа гэж харж, нөхөртэйгээ энэ талаар ярьж байсан. Харин дараа нь монголчууд маань ийм хүндэтгэлийн ёсолгоотой болох нь зүйтэй юм байна гэж уриалж байгааг ойлгоод их аятай санагдсан. Харагдах талаасаа ч их сайхан харагдах юм билээ. Хоёр алгаа дээш харуулаад тэнгэр хангайдаа хандсан төрхтэй. Төрийн дууллаа дуулсны дараа гараа ингэж өргөвөл зөвхөн монголчууддаа төдийгүй, гадны хүнд ч ёс журмаа дээдэлсэн хэмээгдэн аятай харагдана. Их зохицолдлогоотой, гоё дүр төрхтэй харагдсан. Дэмжиж байгаа.

Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар: Монголчууд тэнгэрээсээ хүч чадал, цог хийморио авдаг

-Сурын уухай, бөхийн дэвээ шиг эхэндээ санагдаж байсан. Аливаа шинэ зүйл уламжлалтайгаа нягт нөхцөлдсөн байдаг шүү дээ. Бөхчүүдийн дэвээд тугаа тойрч байгаа, сум зурхайд тусахад онооны уухай уухайлж байгаа бүхэн энэхүү монгол ёсолгоотой төстэй юм болов уу гэж харсан. Эх орныхоо нэрийг гарган тив дэлхийн олон дэвжээнээ зодоглож, медалийн оосроос атгаад зогсож байх тэр үед өөрийн эрхгүй омогших, эх нутгаараа бахархах сэтгэл төрдөг. Энэ үедээ хоёр алгаа дээш тэнгэр рүүгээ харуулан ёсолж зогсвол их сайхан харагдах юм байна даа гэж бодож энэхүү сайхан ажлын сурталчилгаанд оролцохыг зөвшөөрсөн. Монголчууд тэнгэрээсээ хүч чадал, цог хийморио авч байдаг. Энэ ч утгаараа энэхүү ёсолгоо газрын зураг шиг илүү утга учиртай харагдаж байгаа байх. Та бүхнийг ч гэсэн дэмжиж хэвшүүлээсэй хэмээн уриалж байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж