Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 18, 19-нд А.И.Хачатуряны “Спартак” балетыг сэргээн тоглох гэж байна. Уг балетын цомнолыг Р.Жовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.И.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх дэглэн найруулан тавж байжээ. Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетуудын жагсаалтад “Спартак” балетыг оруулж чадсан юм. Харин Монгол Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр тоглож байсан. Энэ удаад урлагийг дэмжигчи “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлэгээр “Спартак”-ыг үзэгчдэд хүргэх гэж байна. Тус балетын тасалбар ирэх лхагва гаригаас эхлэн “УДБЭТ-ын кассаар худалдаалах гэнэ. Тасалбарын үнийн хувьд 20,000, 40,000 төгрөг аж.
“Спартак” балетыг Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг сэргээн тавьж, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаачаар, Ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар, Соёлын тэргүүний ажилтан Г.Оюун хувцасны зураачаар, дасгалжуулагч багшаар Ардын жүжигчин О.Ганбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа, Л.Баттөр, балетын гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, Б.Саруул, Ч.Ганчимэг, Т.Батчимэг, О.Ганцоож, гоцлол бүжигчин М.Од нар ажиллаж байна.
М.Дөл