Бид “ISO”, “MNS” зэрэг товчлол нь ямар нэгэн чанарын стандартыг илтгэж байна гэдгийг бас ч гэж мэддэг болжээ. Олон улсад болон үндэсний хэмжээнд дагаж мөрддөг эдгээр чанарын стандартгүйгээр хувь хүний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага нь үнэлж хэмжихийн аргагүй өөр өөр ойлголт болж хувирах юм. Тодорхой ойлголт, хэмжүүр, заалт, шатлал бүхий олон шалгууруудын нийлбэрийг стандарт гэнэ хэмээн ойлгож ч мөн болох юм.
“Эргэлзээгүй эрүүл хүнс” уриатай “Жаст Агро” ХХК-ийн “Мах маркет” төв үйлдвэр үйл ажиллагаандаа “НАССР” хэмээх цогц систем бүхий чанарын тогтолцоо нэвтрүүлжээ. “НАССР” гэдэг нь “Hazard Analysis and Critical Control Point” буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянан шинжлэх тогтолцоо” гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа гэж хүлээн зөвшөөрдөг юм. Тус компани энэ тогтолцоог нэвтрүүлэх төслийн ажлаа 2010 онд эхлүүлсэн ба “Мах маркет” үйлдвэрээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангах иж бүрэн төхөөрөмж бүрэн тоноглож, ажилчиддаа эрүүл, зөв дадал эзэмшүүлэн ажиллаж байна. Ингэснээр хүнсний аюулгүй байдал, чанарын дэлхийн стандартыг махны үйлдвэрлэлд нэвтрүүлсэн анхны үйлдвэрээр “Мах маркет” тодорч байгаа юм.
“НАССР” нэвтрүүлсэнээр үйлдвэрлэлийн хамгийн эхний шат дамжлагаас хэрэглэгчдийн гар дээр бэлэн бүтээгдэхүүн очих хүртэлх бүх үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын доор эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдсэн аж. Мөн эрсдэлийг бүрэн хянаснаар хэрэглэгчдийн тавьдаг аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцэж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх давуу талыг олгож байгаа юм.
Өнгөрсөн оны 11-р сарын 25-нд олон улсад аудит хийх эрх бүхий “SGS” компани “Жаст Агро” ХХК-ийн Мах маркет үйлдвэрийг “НАССР” тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн байгууллага хэмээн хүлээн зөвшөөрчээ. Үүнийг баталгаажуулан энэ сарын 3-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт “SGS” компанийн бүсийн захирал Брайн Ван “Жаст Агро” ХХК-ийн Мах маркет Төв үйлдвэрийн хамт олонд албан ёсны гэрчилгээ гардуулсан юм. Ёслолд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Д.Балдан-Очир болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын махны холбоо, Стандартчлал, хэмжил зүйн газар, Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн төлөөлөл оролцож, “Мах маркет” төв үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын “Хүнсний аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т 2013-аас 2016 онд хүнсний үйлдвэрлэлийн 60 хувьд “НАССР” тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавьсан байдаг бол “Жаст Агро” ХХК-ийн “Мах маркет” төв үйлдвэр энэ зорилгыг 2011 онд буюу бүтэн хоёр оны өмнө биелүүлж, махны үйлдвэрлэлийн салбарт “НАССР” тогтолцоог нэвтрүүлсэн анхны компани боллоо.