Поль Сезанны 1895 онд бүтээсэн “Хөзөрчид” зургийг Катарын хааны гэр бүл 250 сая ам. доллараар худалдан авлаа. Ингэснээр, Сезанны зураг нээлттэй дуудлага болон хувийн худалдаагаар борлогдсон хамгийн үнэтэй урлагийн бүтээл боллоо.
Урлагийн зах зээл дэхь томоохон наймааны талаар Vanity Fair сэтгүүл мэдээлсэн байна. Тэнд бичсэнээр бол, зургийн хуучин эзэн грекийн тэрбумтан Георг Эмбирикос 2011 онд нас барахаасаа өмнөхөн зургаа зарахаар шийдсэн юм байна. Эхэндээ энэ бүтээлийг арт-дилер Уильям Аквавелла, үзэсгэлэнгийн эзэн Ларри Лагосян нар ойролцоогоор 220 сая доллараар худалдан авах бодолтой байжээ. Гэвч Катарын хааны гэр бүл илүү үнэ санал болгосон байна.
“Хөзөрчид” цувралаар Сезанн нийтдээ 5 зураг бүтээсэн (1890-1895) бөгөөд тэдгээрээс 4 нь Орсэ, Метрополитен, Барнсын сан, Куртогийн Урлагийн Төвд хадгалагдаж байгаа юм. Үлдсэн нэг нь хувь хүний гар дээр байсан ч цаашдаа мөн музейд тавигдаж болзошгүй байна. 2010 онд Катарт Арабын орчин үеийн урлагийн музей болон Катарын үндэсний музей нээгдэж, өв сангаа ид бүрдүүлж байгаа билээ.
Одоогийн байдлаар нээлттэй дуудлага худалдаагаар борлогдсон хамгийн үнэтэй бүтээл бол Пабло Пикассогийн зураг юм. 2010 онд түүний “Баримал, ногоон навчин дээрх нүцгэн эмэгтэй” зураг 106,4 сая доллараар зарагдаж байсан билээ.
Эх сурвалж: Vanity Fair