”Бид ард иргэд илүүтэй оролцдог нийгэм рүү явах болно”

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

”Бид ард иргэд илүүтэй оролцдог нийгэм рүү явах болно”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Говьсүмбэр аймгийн иргэдтэй хоёрдугаар сарын үдээс хойш уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийг дагалдан яваа УИХ гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, М.Батчимэг,  ЕТГ-ын дэд дарга Б.Нэргүй, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн, ГИХАЭГ-ын дарга Д.Мөрөн,  МХЕГ-ын хилийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Улаанбаатар төмөр замын дарга Т.Очирхүү нар байлцав.  

Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдэд хандан үг хэлсний дараа хүмүүс асуулт тавьж, саналаа хуваалцлаа. /Хэлсэн үгийг сайтад тусад нь байрлуулсан болно/

Ардын хувьсгалын партизанууд, дараа нь Халх голын байлдаанд оролцсон хүмүүст төрөөс байр, мөнгө өгч байсан. Одоо Ардчилсан хувьсгалыг хийсэн гэж үздэг анхны гишүүний тэмдэг бүхий 3500 хүн байдаг гэж сонссон. Энэ хүмүүсийг төрөөс яагаад харж үзэхгүй байна вэ. Тэднийг адилхан харж үзэх ёстой гэж бодож байна. Манай Говьсүмбэрт ардчилсан хувьсгалыг анхлан хийлцсэн 39 хүн байсан. Одоо 33 үлдээд байна. Говьсүмбэр аймгийн шүүх, прокурор, цагдаа зөвхөн эрхтэн дархтанд үйлчилж байна. Үүнийг баримтаар ч нотолж чадна. Говьсүмбэрт чөлөөт бүс байгуулна гэж олон жил ярилаа. Газрыг нь гаргаад өгсөн. Орон байрыг нь өгсөн. Гэтэл юу ч хийхгүй байна. Үүнийг нэг анхаараач гэж хүсч байна. Дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх явдал маш чанаргүй байна. Ажилгүйчүүдийн эгнээг дээд боловсролтой залуучууд тэлсээр байна. Багш нарыг чанаргүй бэлтгэдэг учраас хүүхдийн хүмүүжил маш муудаж, гэмт хэрэгт ихээр холбогдох боллоо. Хүүхдүүдийг монгол зан заншил, уламжлалаар хүмүүжүүлдэг болох хэрэгтэй байна. Эрүүл мэндийн даатгал олон жил төллөө. Биед наалдаж байгаа юм алга. Даатгалын системийг өөрчлөх хэрэгтэй байна. Ерөнхий боловсролын сургуульд Үндсэн хуулийн хичээл оруулж өгсөн, монгол бичиг, монгол судлалыг эх орондоо төдийгүй дэлхийд хэмжээнд гаргаж тавьсан, сурагч солилцох хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн, дэлхийн монголчуудыг эх орондоо ирэхийг уриалсан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Говьсүмбэр аймагт хүрэлцэн ирсэнд баяртай байна. Сүүлийн хэдэн жилд манай эдийн засаг ихээхэн өслөө. Үүнээс орж ирж буй мөнгийг улс орныхоо хөгжлийг түргэтгэхэд хэрхэн ашиглах ёстой гэж та төсөөлж байна. Босоо тэнхлэгийн зам Чойр хүртэл тавигдсан. Гэтэл цааш үргэлжлүүлэн тавихгүй юм. Одоо тавьсан нь эвдэрч байна. Энэ талаар та Засгийн газарт чиглэл өгч байна уу. Шивээ овоогийн нүүрсний уурхай манай аймгийн нэрийн хуудас байсан юм. Гэтэл гадны хөрөнгө оруулалттай, хувийн жижиг уурхай болж хувирчээ. Түүгээр ч зогсохгүй нутгийнхныг нь хөөж байна. Энэ ер нь ямар хээл хахуулиар тэдний гарт очсныг Ерөнхийлөгч та анхааралдаа аваарай. Бид Шивээ овоог Говьсүмбэрийн мэдэлд байлгахын төлөө тэмцэх болно. Та дэмжээрэй. Засаг захиргааны хуваарьт өөрчлөлт хэзээ оруулах юм бэ. Манай аймгийн нутагт хөрш аймгуудын иргэд олноороо амьдарч, нийгмийн үйлчилгээ хүртдэг. Энэ нь нэг талаар аймгийн хөгжилд сөрөг нөлөөтэй байдаг. Тэдний зарим нь тухайлбал Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Говь-Угтаал сумынхны манай аймагт нэгдэх хүсэлтийг шийдвэрлэх боломжтой юу. Оюу толгойн гэрээ бол монголын ард түмний эрх ашгийн эсрэг хийгдсэн гэрээ гэж боддог. Анх 2,7 тэрбум доллараар хийнэ гэж байсан. Дараа нь 5,6 тэрбум доллар болсон. Дэлхийн эдийн засаг хямралаа гэхэд 20-30 хувиар нэмэгдэнэ үү гэхээс хоёр гурав дахин нэмэгдэх ёсгүй. Энэ төсөлд монгол инженерүүдийн оюун ухаан оролцоогүй. Монголд 30-40 мянган уул уурхайн инженер байдаг. Энэ оюуны баялагт түшэглэж эх оронч хандмаар байна. Манай Говьсүмбэрийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Оюу толгойн ажилчдыг бэлтгэж байна. Энд туршлагатай шилдэг инженерүүд багшлах учиртай. Гэтэл цалин нь 350 мянган төгрөг. Уг нь жишиг сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид ч, багш нар ч жишиг байх ёстой. Ийм цалингаар ямар шилдэг туршлагатай инженер ирж багшлах юм бэ. Үүнийг Ерөнхийлөгчөө онцгой анхаараачээ. Манай аймаг дэд бүтэц сайтай. Улаанбаатарын их дээд сургуулиудын салбарыг энд байгуулмаар байна. Улсын асран хамгаалах төв байгуулж болно. Төмөр замын ажилчдын хүүхдүүдийг яагаад алагчлаад цэцэрлэгийн хоолны мөнгийг нь өгдөггүй юм бэ.  Та татварын талаар сайхан зүйл ярьж байна. Ер нь бүсчилсэн татвар ногдуулдаг болмоор байна. Улаанбаатарын болон нэг сумын баарыг харьцуулахад орлого нь өдөр шөнө шиг өөр байгаа. НӨОТ бүгдээс нь ижил авдаг байвал яасан юм бэ. Улаанбаатарын зуун айлын дээврийн нэмгэн төмөр зардаг хятадуудын өдрийн орлого 20-30 сая төгрөг байдаг. Гэтэл тэд НӨОТ төлдөггүй. Та яваад сайн ажиглаарай. Нөгөө сонгуулиар амлаад байсан сая, сая таван зуун мянган төгрөг юу болов оо, өгөх үү, үгүй юу. Эхийн одонгийн мөнгө бас юу болов оо. Нэгдүгээр одонтой эхэд сая төгрөг, хоёрдугаар одонтой эхэд 500 мянган төгрөг өгнө гэж амлаа биз дээ. Шивээ овоод цахилгаан станц барина гэж хэдэн жилийн  өмнө ярьж байсан юу болсон бэ. Говьсүмбэрт ардчиллын гэсэн бүх хүнийг архичин гэж нэрлэж, гадуурхдаг. Бүгд ажилгүй болсон. Энэ бол манай аймагт намчирхал газар авсантай холбоотой. Энэ  гэх мэтээр олон иргэн үгээ хэллээ. Зарим асуултад Ерөнхийлөгчийг дагалдан яваа УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хариу өглөө. Үүний дараа Ерөнхийлөгч зарим асуултад хариулав.

-Ер нь төрд эрх мэдэл очих тусам ялзардаг. Иргэнд эрх мэдэл очих тусам хөгжиж дэвждэг. Тиймээс орон нутагт тэр эрх мэдэл нь шилжиж, тухайн орон нутгийн төлөөллийн байгууллага, ард иргэд асуудал шийдэхэд оролцдог байх ёстой. Бид ардчилсан оронд амьдарч байгаагийн хувьд ард иргэд илүүтэй оролцдог нийгэм рүү явах болно. Швейцарьт ард нийтийн санал асуулгаар ихэнх асуудлаа шийддэг. Монголд ч гэсэн тулгамдсан асуудлыг төлөөллийн байгууллагаар бус санал асуулгын түвшинд ярьж шийддэг чиглэл рүү явна байх. Юм хөгжихөөрөө эх рүүгээ ирдэг хэмээдэг. Хүн төрөлхтөн нийгмийн зохион байгуулалтад шилжихдээ хамт олноороо сууж байгаад асуудлаа шийддэг байсан гэдэг. Иймэрхүү байдлаар цаашдаа хөгжиж дэвжих байх даа гэж бодож байгаа. Гэмт хэрэг, ял эдэлж буйтай холбоотой өргөдөл гомдол ирүүлжээ. Үүнтэй холбогдуулж хэлэхэд хуулийн дагуу хувь хүн нь өөрөө, эсвэл өмгөөлөгч нь өргөдөл бичдэг юм. Манайд аав ээж, ах дүү нь бичээд байдаг. Энэ бол хуулийн шаардлага хангадаггүй. Үүнийг хэлэх нь зөв байх аа. Аймгийн шүүх, прокурор, цагдаатай холбоотой олон гомдол ирүүлжээ. Үүнийгээ шүүх, прокурор, цагдаагийнхан  анхаараарай. Хэдийгээр хүчний байгууллага гэдэг ч ард иргэдэд үйлчлэх гэж л байгуулагдсан шүү. Иргэний танхим байгуулсан тухай ярилаа. Энэ бол сайн хэрэг. Иргэний танхим байгуулна гэдэг бол ард иргэд асуудлаа шийддэг механизм руу явж байгаа хэрэг. Харин иргэний танхим тойрсон асуудлаа хэрхэн шийдэж байх вэ гэдгийг хууль боловсруулан цэгцлэх ёстой гэж бодож байна. Архи гэдэг бол монголд орж ирсэн хамгийн хэрэггүй зүйл. Одоо бүр уламжлал болох шахсан. Аав ээждээ архи барьж очдог болсон. Архи хор юм бол аав ээждээ авч очиж байгааг юу гэх юм бэ. Архи үнэхээр хор юм бол үүнийг тааруулж хэрэглэнэ гэж ярьж байгааг юу гэж ойлгох вэ. Хорыг тааруулж хэрэглэх тухай асуудал байж болохгүй биз дээ. Төмөр замын ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг төсөвт суулгаад нэгдсэн байдлаар шийдэх ёстой гэж бодож байна. Өмнөговьд очсонтой холбогдуулан “Таныг очиход тоос шороогүй нам гүм байсан гэсэн. Тэр олон машиныг журмалж, сайд нарыг үг хэлүүлэхгүй танхим дүүрэн эсэргүүцэл гарч байхад ямар бодол төрсөн бэ” гэж асуужээ. Надад иргэдийн тавьж байгаа энэ асуудлыг сонсох ёстой л гэсэн бодол төрж байсан. Өнөөдөр ч гэсэн Дорноговь, Говьсүмбэр аймагт энэ ашигт малтмалтай холбоотой асар олон асуудал гарч байгаа. Би Өмнөговьд гадна, дотны хүмүүстэй уулзаад нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Тухайн нийгэм, аймаг, сумын ард олонтой та нар үгээ олж чадахгүй л бол  бизнес чинь урагш явахгүй. Үгээ ололцож, энэ бизнес аль аль талдаа ашигтай, хэрэгтэй гэдгийг ойлгуулаад хамтарч асуудлаа шийдээд яваа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг, тэр сургуулийг нь, цэцэрлэгийг нь, эмнэлгийг нь шийдээд явах хэрэгтэй. Говийн усны асуудалд маш их эмзэг хандах ёстой. Усыг дахин дахин эргүүлэн ашигладаг технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Төр ч ингэж ойлгож ажиллах учиртай. “МАН –аас олигархижсан гэх тодотголтой пүүс компанийн засаглалаас ард түмний засаглалтай бүтцэд шилжинэ гэснийг юу гэж ойлгох вэ. Гэтэл олигархижсан олон дэд сайдыг томилсон байна. Ард түмнээр тохуурхаад байгаа юм биш үү” гэж асуусан байна.  МАН-аас тавьж байгаа тэр зорилт бол зөв гэж бодож байна. Олигархижсан гэр бүл  дагсан энэ бүтцээсээ Монгол Улс цаашдаа олон нийтэд ашиг тусаа өгдөг, нийгэм нь, ард иргэд нь оролцдог, зөвхөн тэр хэдэн компани тойрсон хэдэн гэр бүл ашиг олдог бус нийт нийгмээрээ баялаг бүтээдэг тэр загвар луу орох ёстой юм. Энэ юу вэ гэхлээр зах зээлийн нэг гайхамшигтай зарчим байдаг. Та хэдэн төгрөгтэй бол түүнийгээ банкинд хадгалуулснаас илүү хамгийн сайн ашигтай ажиллаж байгаа компани, аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж авбал хэд дахин их ашиг орж ирнэ. Тэр компани муу ажиллаад эхэлбэл та хувьцаагаа зарчихна. Энэ тэр компанитай хариуцлага тооцож буй хэлбэр юм. Нэгэнт та тэр компанийн хувьцааг худалдаад авсан бол орлого, зарлага, гүйлгээ, бирж дээр зарагдаж байгаа хувьцаа бүгд ил, танд тайлагнадаг байх ёстой. Зах зээлийн нийгэм гэдэг хэдэн мэдээлэлд ойр байгаа хүмүүс баяжна гэсэн үг биш. Ямар учраас бид зах зээлийн нийгэмд орсон бэ гэхээр энэ нь ард иргэдэд, олонхид хэрэгтэй, ашигтай байдаг болохоор тэр. Компани байгуулсан нь сайн. Тэгвэл одоо нийгмийн тогтолцооны дагуу олон нийтэд тэр хөрөнгийн зах зээлийг бий болгоод цааш явах хэрэгтэй. Дэд сайдуудын хувьд байх шаардлагагүй гэж боддог. Нэг зүйлийг хэлэхэд зарим оронд нэг сайд хоёр яамыг хариуцаад явдаг. Манайд бол Эрүүл мэндийн яам, нийгмийн хамгааллын яам нэг сайдтай байхад болно. Гадаад харилцааны сайд, батлан хамгаалахын сайд нэг байж болно. Барилга хот байгуулалтын сайд, түлш эрчим хүчний сайд нэг байж болно. Тэгэхээр сайдуудын тоог нэмэх биш, хоёр гурван яамыг нэг улстөрийн албан тушаалтан хийгээд явж болно. Яам дээрээ төрийн нарийн бичгийн дарга нь ажиллаад явахад болохгүй зүйлгүй. Цаашид зөв систем рүү орох болов уу гэж бодож байна. Таны дэвшүүлсэн шударга ёс, шүүхийн шинэчлэл хэрэгжиж байна уу, манай орон нутгийн шүүхэд ямар дүгнэлт өгөв өө гэсэн байна. Би аймгийн шүүхээр орсон. Мэдээж сайн, бас дутагдалтай зүйлүүд байгаа. Шүүх хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүн бүхэн муу гэвэл тэр худлаа. Тэнд халдвартай муу цөөн хүмүүс байдаг. Энэнээс  аажмаар бид ангижрах ёстой. Говьсүмбэрийн шүүх дээр би бусад аймгуудад хараагүй сайн зүйл үзлээ. Хүн шүүхэд нэхэмжлэл бичихэд хэцүү байдаг. Тэгвэл тэнд 26 зүйлээр нэхэмжлэлийн загвар хэвлээд тавьчихсан байна. Шүүхэд ямар ямар баримт материал бүрдүүлж байж нэхэмжлэлийг авдгийг бүгдийг гаргаад тавьсан байна. Дээр нь аймгийн шүүхийн шийдвэр төмөр шүүгээнд ороод дараа нь архивт шилждэг бол үүнийг өөрчилсөн. Одоо шүүхийн шийдвэрийг вэб сайт дээрээ маргааш нь тавьдаг болсон. Шүүгчийн шийдвэр ил болно гэдэг бол түүн дээр тавих ард түмний хяналт сайжирна гэсэн үг. Наад зах нь хохирсон хүн орж үзээд энэ шүүгч зөв шийдэж, буруу шийдэж гэдгийг ойлгох болно. Ийм маягаар нийгмийн хяналтыг ахиулна. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулах уу  гэж асуусан байна. Хамт явуулна гээд хууль гарчихсан байгаа. Зохион байгуулалттай холбоотой өөрчлөлтийг УИХ завсарлахаасаа өмнө шийдэх байх гэж найдаж байгаа. Цагаан сарын таваг засахад еэвэн тавих нь зөв үү гэсэн байна. Би тавь, битгий тавь гэхгүй. Харин энэ сэдэв хөндөгдсөн дээр ууц тавьдгаа больё гэмээр байна. Хүндрэлтэй шүү дээ. Манай гэрт цагаан сараар очсон хүнд би юу санал болгодог вэ гэвэл  цай өгөөд аарцаа уулгаад л манайд архи уух хориотой шүү дээ. Би өөрөөсөө эхэлж уриалгаа хэрэгжүүлж байгаа гээд гаргана. Миний очсон газар нэг шил ч архи гаргадаггүй. Ерөнхийлөгч нь ийм болчихсон байгаа бол аймгийн удирдлага ч тийм байх ёстой. Төрийн байгууллагууд бүгд ийм байдалд шилжих учиртай. Тавгаа цагаан идээгээр л зас л даа. Харин бэлгээ бол одооноос бэлддэг. Дандаа монголд үйлдвэрлэсэн, монгол хүн хийсэн зүйл авдаг. Ингэж үйлдвэрлэлээ дэмждэг. Ашигт малтмалын лицензтэй холбоотой, Шивээ овоотой холбоотой асуултад хариулахад тэр лиценз эзэмшигчид ил гарах ёстой. Тэгээд орон нутгийн хүмүүстэй хэлэлцээний ширээнд суух ёстой. Гадны хуулиар далайлгаж монголын ашигт малтмалд эзэн сууна гэвэл том индүүрэл. Нөгөө талаар би яагаад ингээд чанга дуугараад, гадаад дотоодынхонд хатуухан үг хэлээд байдаг вэ гэвэл надад энэ лиценз, ашигт малтмалтай холбоотой ашиг сонирхлын зөрчил байдаггүй. Монголын төр ч ийм байх ёстой. Чөлөөт бүсийн тухайд гэвэл нэлээд судлах зүйл байгаа юм билээ. Харин сая нэг хүн сайхан санаа хэлсэн. Энэ дэд бүтцийг ашиглаад асрамжийн газар байгуулах, их дээд сургуулийн салбар нээх тухай ярьсан. Тэр багтаж ядаж байгаа Улаанбаатараас агуулахууд, тээврийн байгууллага, том агентлагууд нүүх хэрэгтэй. Энд ирж байрла л даа. Ийм маягаар нүүлгэхэд би түлхэц үзүүлнэ. Манайд атомын цахилгаан станц барих юм уу гэсэн байна. Тийм зүйл байхгүй. Нэг аюул гарвал улс орноороо хохирох талтай гэж хэллээ. Энэчлэн олон асуудалд Ерөнхийлөгч хариу өгсөн юм.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж