-Та Монголд ирээд хэдэн жил болж байна. Яагаад заавал Монгол Улсыг сонгох болов?
-Монголд ирээд би арван жил болж байна. Би спортод, тэр тусмаа волейболын спортод дуртай. Тиймээс волейболыг Монголд илүүтэй сонирхдог учраас, Монголд ямар нэгэн зүйл үлдээхийг хүссэн.
-Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-2005 оны тавдугаар сараас эхлэн багийн хүүхдүүдээ сонгож авсан.
-Тэр цагаас хойш “Энагура” баг өндөр амжилт гаргах болсон. Баг амжилт гаргахад хамгийн их нөлөөлдөг зүйл юу бэ?
-Тийм ээ. Манай багийн амжилт сайжирсан. Дотоодын тэмцээнээс илүүтэй гадаадын тэмцээнүүдэд оролцож, чамгүй амжилт үзүүлсэн. Хамгийн өндөр амжилт гэвэл 32 жилийн дараа Сербид болсон Дэлхийн оюутны универсад наадамд оролцсон явдал. Биднийг тэнд очиход Канадын дасгалжуулагч асууж байсан. "Монголд волейболын баг байдаг юм уу" гэж тэгэхэд бид "Таван жилийн дараа манай багийг хараарай" гэж хэлсэн л дээ. Бид энд байхдаа жижиг зааланд бэлтгэл хийж байсан болохоор тэнд эхлээд зааланд дасаагүй л дээ. Падаж алдах, авах гээд ер нь их асуудал байсан. Гэхдээ манай баг сайн тоглосон. Багийн спорт хүнд. Санхүү мөнгө их шаарддаг гээд анхаарахгүй байж болохгүй. Мэдээж би Монголоос явах үед “Энагура” баг үлдэнэ. Багийн тамирчдын байр, хоол, сургалтын төлбөр гээд бүх зүйлээр бид хангадаг. Мөн одоо багийн таван тамирчин цалинтай.
-Монголын тамирчин Солонгосынхоос хэр ялгаатай харагдаж байна. Ер нь амжилт гаргахын тулд юуг анхаармаар санагддаг бэ?
Өмнөд Солонгост хамгийн баян улс бол тамирчид байдаг. Тэд багаасаа спортоор тууштай хичээллэж чаддаг. Тэр хэмжээгээрээ улсаасаа хангалттай шагнал, урамшуулал авдаг. Өмнөд Солонгосын тамирчид Азидаа, дэлхийд хүчтэй болсон. Гэхдээ монгол хүүхдүүд их чадварлаг, юмыг сурахдаа амархан. Даан ч нэг спортоороо тууштай хичээллэж чадахгүй байна. Энэ нь клуб, хангамжаас шалтгаалж байгаа нь үнэн. Бас багийн спорт их цаг хугацаа шаарддаг болохоор хүүхдүүд тууштай хичээллэх нь ховор. Гэхдээ Монголын багийн спорт, тэр тусмаа эмэгтэй волейболын багт их ирээдүй бий. Тиймээс манай багийн тамирчдад шантрах, ухрах эрх байхгүй. Монголчууд багийн спортод төдийлөн анхаардаггүй нь анзаарагдсан. Багийн спорт зардал өндөр, ачаалал хүнд гээд асуудал бий. Гэхдээ Монголын багийн спортод өндөр амжилт үзүүлэх боломж бий. Өнөөдөр Монголд багийн спорт хөгжихөд дутагдаж байгаа зүйл бол заал танхим. Бид хувийн заалгүйгээс өдийг хүртэл заал түрээслэж яваа. Энэ л хэцүү. Учир нь тамирчид өдөрт 2-3 удаа бэлтгэл хийх ёстой. Бид өдөрт 2-3 цаг бэлтгэл хийх байгаа. Энэ талаар Монголын волейболын холбоонд саналаа хүргүүлээд хоёр жил боллоо. Газрыг нь шийдээд өгвөл бид Монголд волейболын ордон барья гэсэн.
-Мэдээж спортын хүн өөрийн гэсэн зорилготой байдаг биз. Тэгвэл танай багийн дараагийн зорилго юу бэ?
-Мэдээж багийн хувьд 2015 онд Гуанжуд болох Дэлхийн оюутны наадамд амжилттай оролцох, бүр цаашилбал медаль авах. Тэр үед манай “А” багийн тамирчдын дундаж нас 28 хүрнэ. Оюутны дэлхийн цомд оролцох сүүлчийн боломж. Анхнаасаа багаа насыг нь тэгж бодож авсан. Сербид бид туршлага судалсан. Одоо бидэнд Гуанжуд амжилт гарган, монголын ард түмнийг баярлуулах үлдээд байна. Энэ амжилтынхаа төлөө бид хичээх болно.
-“А” баг гэхээр “В” багтай гэсэн үг үү?
-Дараагийн багаа бэлтгэх хэрэгтэй. “В” баг одоо бүрдэж байна. Тэднийгээ сорьж, лигийн тоглолтод оролцуулна. Орон нутаг болон нийслэлийн тэмцээнээс хүүхдүүд сонгож авсан. Өнгөрсөн жил хоёр хүүхэд хөдөө орон нутгаас сонгон авч нийслэлд авчирсан. Ер нь орон нутагт сайн тоглодог хүүхдүүд байгаа.
-Монголд олон жил болсон хүнээс асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та Монголын юунд татагддаг бэ?
-Монголын хөдөө сайхан, очих дуртай. Тэнд бас волейбол сайн тоглодог хүүхдүүд бий. Тиймээс орон нутгийн тэмцээнийг үзэх дуртай. Олон аймгаар очсон. Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгаас хүүхдүүд шалгаруулж авсан.
-Монголын волейболын багш, дасгалжуулагчтай хэр харилцаатай байдаг бэ?
-Монголд дэлхийн хэмжээнд ажиллах сайн багш нар бий. Улсаас болон волейболын холбооноос туслаж, дэмжвэл Монголын багш нар маш сайн.
– “Энагура” баг ирэх дөрөвдүгээр сард болох тэмцээний бэлтгэлээ хэр хангаж байна. Өмнөд Солонгос явах гэж байгаа гэсэн?
-Ирэх тэмцээн Улаанбаатар хотноо болно. Монголчууд нутагтаа, дэвжээ дээрээ тоглоно. Тэгэхээр хариуцлага бүр ч нэмэгдэнэ. Одоогоор тус тэмцээнд Хятад, Тайланд, Казакстан зэрэг найман орон оролцохоор албан ёсны мэдүүлгээ ирүүлсэн гэсэн. Тэмцээний сүүлчийн мэдүүлэг гуравдугаар сарын 9-нд дуусна. Тэмцээн өргөн хүрээнд болох тул багийн хувьд бэлтгэлээ эрчимжүүлж байгаа. Манай багийнхан маргаашаас (өчигдөр) 14 хоногийн хугацаатай Өмнөд Солонгос явна. Өмнөд Солонгосын волейболын лигийн тоглолт үргэлжилж байгаа. Түүнийг үзнэ. Мөн 2015 оны Дэлхийн оюутны универсад наадам Гуанжу хотод болно. Бид тэр заалыг үзэж сонирхож тамирчдадаа урам өгөх зорилготой. Мэдээж тэдэнд "Гурван жилийн дараа болох тэмцээнээс та бүхэн медаль авч монголын ард түмнээ баярлуулах хэрэгтэй" гэсэн урмын үгээр тэднийгээ шагнана даа. Тиймээс тамирчидтайгаа өдөр бүр бэлтгэлээ эрчимжүүлж хийнэ. Манай багийн дасгалжуулагчаар Чон Юн Ха багш ажиллаж байна. Энэ багш маань Солонгостоо нилээд нэртэй багш. Жилдээ нэг л удаа Солонгос явж байгаа. Туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн багш ажиллана. Б.Хэрлэн багш маань заалаа олох гэж нэлээд цагийг барж яваа. Одоо заалны асуудлаа шийдчихвэл бид улам хүчтэй болно. Волейболын ордон баривал монголчуудад үлдэх зүйл шүү дээ. Тиймээс өөрсдийн гэсэн заалтай болчихвол хүүхдүүд маань хангалттай бэлтгэлээ хийнэ.
-Сонирхолтой яриа өгсөнд баярлалаа?
-Баярлалаа. Монголын багийн спорт улам хөгжих болтугай.