“Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах газар нь “Архи тамхигүй хамт олон” нэг сарын аяныг эхлүүлээд байна. Тус аяны хүрээнд “Архи тамхигүй цэвэр агаар өдөрлөг”-ийг өнгөрөгч амралтын өдөр Яармагийн Дарга толгой гэдэг газар зохион байгуулжээ.
Өдөрлөгийг Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Ганзориг нээж үг хэлсэн байна. Арга хэмжээнд нийгмийн хэв журам хамгаалах газрын нийт алба хаагчид богино зайны гүйлт, олс таталт, сумо бөхөөр өрсөлджээ. Тэмцээний нэгдүгээр байрыг дипломат банк хамгаалах хэлтсийн цагдаагийн хурандаа Р.Санж даргатай хамт олон, дэд байрыг Төрийн тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаагийн хошууч П.Энхтогтох даргатай хамт олон тус тус эзэлсэн байна. Шагналыг нийгмийн хэв журам хамгаалах газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж гардуулжээ.