”Монголын хөгжлийн зүтгүүр Сайншандад байна”

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

”Монголын хөгжлийн зүтгүүр Сайншандад байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорноговь аймгийн иргэдтэй “Саран хөхөө театр”-т хоёрдугаар сарын 4-ний өглөө уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийг дагалдан яваа УИХ гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, М.Батчимэг,  ЕТГ-ын дэд дарга Б.Нэргүй, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн, ГИХАЭГ-ын дарга Д.Мөрөн,  МХЕГ-ын хилийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Улаанбаатар төмөр замын дарга Т.Очирхүү нар байлцав.

Уулзалтыг аймгийн Засаг дарга П.Ганхуяг нээж хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үүд хаалга болсон Дорноговь аймгийн 2 томоохон сум Замын-Үүд, Сайншандад ажиллаж иргэдтэй уулзаж буйд чин сэтгэлээсээ талархаж  байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг индэрт урьж байна” гэлээ.  
          
-Энд хуран цугларсан ард иргэд, Сайншандчууд та бүхэндээ энэ өдрийн амгаланг айлтгаж хамгийн сайн сайхныг хүсч мэндчилье.

Уулзалтаараа миний бие улс орны асуудал, санаачлан хийж байгаа ажлууд, төрийн бодлого гээд яривал олон зүйл байна. Хэвлэл мэдээллээр та бүхэн хангалттай мэдээлэл авдаг учир давтаж ярих шаардлагагүй гэж бодож байна. Иймд Дорноговь аймагт холбогдох чухал асуудал дээр тулгуурлаж яръя.

Замын-Үүд боомт анх байгуулагдахдаа хилийн  төмөр замын өртөө маягаар үүсч байгуулагдсан. Гэтэл одоо  20 мянган хүнтэй, 15 мянган нь байнга оршин суудаг хот маягийн суурин болжээ. Өргөжихийн хирээр шийдвэрлэх асуудал их гарч ирж байна. Эрээн хот хөгжиж байна. Замын-Үүд хөгжихгүй байна гэсэн яриа их байдаг. Гэхдээ асуудлууд нь шийдэгдэх боломж бүрдэж буйг хэлэхэд таатай байна. Замын-Үүд томрохгүй байсан нь суурь дэд бүтэцтэйгээ холбоотой юм. Ус нь хүрэлцэхтэй үгүйтэй байдаг. Мөн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж гээд тодорхой асуудлуудын улмаас тэлэх боломжгүй байсан. Сүүлийн жилүүдэд УИХ,  Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүнд хөгжлийг нь боомилж байсан  тэр суурь асуудлуудыг шийдсэн гэж хэлэхэд таатай байна. БНХАУ-аас  авсан хөнгөлөлттэй зээлээс 50 сая долларыг  Замын-Үүдийн суурь дэд бүтцийг бий болгох, шинээр хийхэд зарцуулъя гэж шийдвэрлэсэн юм.  

Сайшандын аж үйлдвэрийн цогцолбортой  холбоотой асуудал  дээр хэдэн зүйл хэлье.    

Энэ төслийн ажил хэр явцтай байна. Цаашид үргэлжлэн өрнөх үү, сонгууль гээд зогсох юм биш биз гэсэн болгоомжлол та бүхэнд ч, монголчуудад ч байна. Тэгэхээр  ажил хийхэд хамгийн гол  суурь хүчин зүйл бол шийдвэр байдаг. Манайх парламентын засаглалтай орны хувьд энэхүү асуудлыг олон талаас нь ярьж  шийдвэрлэсэн. Сайшандын аж үйлдвэрийн цогцолбор нь УИХ-аас батлан гаргасан 2 томоохон бодлогын баримт бичигт туссан байгаа. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого болон шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрт туссан. Мөн Засгийн газрын 2 тогтоол гарсан. Судалгааны ажлууд хийгдсэн. 2012 он гараад судалгааны ажил ерөнхийдөө цэгцэрч байна. Судалгааны ажлын дүнг энэ оны эхний хагаст Засгийн газарт оруулж шийдвэр гаргуулна. Сайн мэдээ гэвэл энд буюу Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хэрэгтэй юм байна, энэ төсөл ашигтай бүтээн байгуулалт юм гэсэн дүгнэлт гарсан явдал юм.  

20 дугаар зууны том бүтээн байгуулалт Эрдэнэт байсан. Тэнд ганц зэсийн тухай ярьж байсан. Тэгвэл энд нүүрс, төмөр, зэс, молибден зэрэгт суурилсан олон үйлдвэр бүхий аж үйлдвэрийн цогцолбор анх удаа монголын түүхэнд байгуулах  тухай ярьж байна. Сайншанд бол цогцолбор байгуулахад хамгийн зөв байршил. Аливаа үйлдвэрлэл, барилга байгууламжийг бий болгоход байршил хамгийн чухал байдаг. Байршил дагаж хөгжил бий болдог. Алтан байршил бол Сайншанд болж байна. Гол нь 230 км-ийн цаана хамгийн том зах зээл байна. Далайн гарц гэдэг нь далай руу гарна гэсэн үг биш, дэлхийн зах зээлд гарах гарц юм. Хамгийн хурдтай хөгжиж байгаа тэрбум хэдэн зуун сая хүнтэй зах зээл энд байна. Ийм зах зээлтэй ойр байна. Хятад улс хамтдаа хөгжье гэж байгаа. Хамтдаа хөгжихийн тулд бий болж буй боломжуудыг хамтдаа ашиглах хэрэгтэй юм.  

Үйлдвэр барихад тэнд усны асуудал, дэд бүтцийн асуудал, төмөр замын асуудал гарна. Нэг дор байгуулж байгаа нь хамгийн чухал юм. Зэс, шохой, барилгын материал, төмөр, нүүрс үйлдвэрлэгчид ирээд нэг дор асуудлаа, дэд бүтэц, ус, эрчим хүч, төмөр замаа шийднэ.  Дэлхийд ч ийм жишигтэй байгаа. Өмнөд хөршид ийм маягаар хөгжиж байна. Монголд ч ингэж явах ёстой. Бид саяхан мориноосоо буусан хүмүүс. Ааруул хийдэг, нэрмэл нэрдэг, бяслаг шахдаг л хүмүүс байсан. Гэтэл өнөөдөр бид нүүрс нэрж бензин гаргах  тухай бид ярьж байна. Энэ бол улс орны хөгжил их хурдтай байгааг бас харуулж байна. Энэ бол Монголын хөгжлийн зүтгүүр бий болж байна гэсэн үг. Сайншандыг зөвхөн төмөр  замын зүтгүүр дайрч өнгөрдөг байсан бол одоо Монголын хөгжлийн зүтгүүр энд бий болох гэж байна.

Монголын Улсын Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар, бодлого тодорхойлогч намууд энэ талаар ижил төстэй байр суурьтай байгаа. Энэ ажилд би хувьдаа тус болох юмсан гэж бодож байна. Зөвхөн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах биш дэд бүтцийн асуудал, Таван толгойгоос нааш явах төмөр замын асуудал бий. Энэ төмөр замыг хамгийн түрүүнд Сайншандтай холбох хэрэгтэй. Тэгээд зүүн тийш гарах хэрэгтэй. Дорнодын цаана нь ОХУ-ын Алс Дорнод, Хятадын зүүн хойд хэсэг, Солонгос, далай руу гарахаар Япон гээд 21 дүгээр зуунд дэлхийн хөгжлийг авч явах газар Монгол Улсын зүүн талд байна. Энэ бүхний зангилаа нь Сайншанд юм. Тиймээс Сайншандаас зүүн тийш гарах төмөр зам, боомтуудыг барих асуудал чухал байна. Үүнийг тойроод асар олон ажлууд бий болдог. Өмнөговийн Таван толгой, Оюу толгойн бүтээн байгуулалтын ажилтай саяхан танилцлаа. Ханбогд суманд  тэр Оюу толгойд ажиллаж байгаа хүмүүсийн хувцсыг оёоод сууж байна. Тэнд нийлүүлэх ингэний хоормогийг 10 гаруй айл бэлтгэж байна. Тэд тэрбумаар тоологдох гэрээ байгуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна. Ингэж том бүтээн байгуулалтыг дагаад шинэ шинэ ажлын байр бий болж байна. 

Өчигдөр танай аймгийн дарга нар ажлаа танилцууллаа. Энд босох цогцолборыг дагаад бий болох ажлын байруудад сайн бэлтгэж буй юм байна. Дорноговь дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв бол хамгийн сайн тоноглогдсон, хамгийн сайн багш нартай, том аж ахуйн нэгжүүд захиалга өгч ажиллах хүчээ бэлтгэдэг төв болсон байна.  Аймгийн Засаг дарга урьдчилж хараад бэлтгэл  ажлаа сайн хийж байна гэж би ойлголоо.  Цаашид барихаар төлөвлөсөн  1800 км төмөр замд олон инженер, механикч, засварчин, машинист, мэргэжлийн ажилчин хэрэг болно гэж бодож байна. Үүнийг сайн харж, төмөр замын сургалт үйлдвэрлэлийн төв байгуулан ажиллаж буй юм байна. Тэгэхээр аймаг төдийгүй айл бүхэн үүнд бэлдэх ёстой.  Тэдэн хүүхэдтэй, тэрнийг нь тийм зүйлд бэлтгэнэ, тийм мэргэжил эзэмшүүлнэ, тийм ажилд оруулна гээд одооноос тооцох хэрэгтэй. Аймгийн барилгын компаниуд нийлээд консерциум байгуулаад ажиллуулж байна. Олон барилга байгууламж барина. Бид гэр барьж байснаас барилга барьсан нь цөөхөн шүү дээ. Сурч дадлагажина. Тэргүүний технологиуд орж ирнэ. Цогцолборыг барьснаар эдийн засгийн бүтцийг олон төрөлтэй болгох юм. Социализмын үед бүх юмаа хойш нь зөөж байна гэж шүүмжилдэг байсан. Одоо урагш нь зөөгөөд байна гээд л шүүмжилж байна. Шүүмжлэх биш хийх хэрэгтэй байна. Эцсийн бүтээгдэхүүн бий болгох хэрэгтэй. Ингэснээр ашиг орлого нэмэгдэнэ. Монгол бол түүхийн эдийн хараат орон биш, эдийн засаг нь тогтвортой хөгждөг, байнгын өсөлттэй орон болох ёстой. Монголчуудын амьдрал  тогтвортой байх учиртай. Ийм шаардлага өнөөдөр үүсч байна. Ийм  төсөл, бүтээн байгуулалт улс эх оронд маань хэрэгтэй байна. Бидний хойч үе сайхан амьдрах ёстой. Түүний эх суурийг бид сайн тавиад өгвөл хойч үе маань итгэлтэй сайхан аваад явж чадна. Энэ том ажлыг ийм хүнд үед эхлүүлж хойч үедээ өвлүүлж чадваас тэд бидний талаар сайнаар дурсах болно. Бидний өвөг дээдэс мундаг хүмүүс байж дээ гэж зуун жилийн дараа ярьж байгаасай гэж би хүсдэг. Би ч үүний төлөө ажиллаж байна. Үүний төлөө ажилла гэж итгэл хүлээлгэсэн гэж боддог. Иймээс улс төрийн, сонгуулийн нүдээр үүнийг харж болохгүй.  Элбэж бүгдээрээ олон талаас нь хийх хэрэгтэй. Ямар нам байгаа нь хамаагүй. Ажлын үр дүн л чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын онцлог ч энд байдаг. Ажлыг урагшлуулж дэмжиж явах учиртай. Төр нь ард иргэдтэй нийлж ийм том асуудлыг, бүтээн байгуулалтыг шийдвэрлэж байх хэрэгтэй.  

Говьд ус ховор байдаг. Манай монголчууд нэг талдаа цамаан, нөгөө талдаа эргүүлж ашиглах тогтолцоогүйгээс усаа хэрэглээд л шууд хаядаг. Таван толгойд нүүрс угаасан усаа 95 хувийг нь эргүүлж ашиглаж байна. Бүр 98 хувийг нь ашиглах боломжтой гэнэ. Хамгийн гол нь усыг зөв ашиглах явдал юм. Ингэж ашиглахыг шаардах хэрэгтэй.  Хэрлэн гол төсөл гэж ярьж байгаа. Сайн ойлголцож ярих ёстой. Хаврын шар усны, намрын ус элбэгших үеэр говь руу илүүдлийг нь урсгадаг хэлбэрийг ашиглаж болно. Говийнхоо бүтээн байгуулалт, байгаль орчны сайжруулалтад ингэж ашиглаж болно. Орхон гол төсөл гэж байгаа. Говь руу иртлээ хол. Гэхдээ энэ төслийг дэмжих ёстой гэж би боддог. Наад зах нь  Улаанбаатар хотын нэг сая хүний ашигласан усыг эргүүлж ашиглана гэвэл маш их усны нөөц байна. Уснаас болж том зөрчил мөргөлдөөн гардаг. Дэлхий дээр тэрбум хүн цангаж байна. Тэгэхээр монголчууд байгаа усаа зөв ашиглавал хөгжлийг авчрах их боломж бий.  Зөвхөн Сайншандын хэрэглэж байгаа усыг эргүүлж ашиглахад нэлээд зүйлийг хийх боломж бий. Нүүрс угаахад цайны ус хэрэггүй. Жаахан цэвэршүүлээд нүүрсээ угааж болно. Ийм шинэ технологиуд орж ирнэ.  

Өөр нэг зүйл бол нарны элч, салхины хүчийг ашиглах хэрэгтэй. Говийн нар, салхи бол хэдэн том уурхайгаас ч их боломжийг бидэнд бий болгож өгч байна. Зөвхөн говийн нар, салхийг ашиглан асар их эрчим хүч гаргах боломжтойг японы эрдэмтэд судлаад, тооцоо гаргасан байдаг. Ингэж боломжуудаа ашиглавал энэ говь тойрсон олон асуудлыг шийдэх боломжтой гэж би үздэг.  Төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бол мөрөөдөл биш, энэ хавраас ажил хэрэг болно. Миний хувьд энд ажилласныхаа дараа Засгийн газарт чиглэл өгсөн  төлөвлөгөө гаргана. Ярьж байгаа зүйлийг ажил хэрэг болгохын төлөө явна. Үүгээр яриагаа өндөрлөж, та бүхний асуултад хариулъя гэж бодож байна хэмээн Ерөнхийлөгч хэллээ.  

-Та сая аж үйлдвэрийн цогцолбор төслийн талаар нилээд нааштай зүйл ярилаа. Элбэгдоржийг сонговол шударга ёс тогтоно, Зоригийг алсан хүнийг тодорхой  болгоно гэж бид найдаж, сурталчилж байсан. Зоригийн амь насыг хөнөөсөн хүн олдоогүй л байна. Тухайн үед эрх мэдэл хүрэхгүй байсан байх. Ардын нам эрх барьж байгаа ч Ардчилсан намын лидерүүд өндөр албан тушаалд байлаа. Шүүх, прокурорынхныг томилж байна. Улс төрийн зориг дутаад байна уу.  Ард түмний тэвчээр алдагдаж байна шүү. Төмөр зам асар том газар эзэмшдэг. Тэндээс газар авч  төсөл хэрэгжүүлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харж хандаж байгаа юм алга. Хүнд байдалтай байна. Шүүх байгууллага дээр зөрчил гараад байна.

Миний аав 40 жил татвар төлсөн. Миний ээж мөн 40 жил татвар төлсөн. Бид нийлээд 100 жил татвар төллөө. Монголын төр хэзээ иргэндээ үйлчилдэг болох вэ. Өнгөрсөн жилүүдэд зөв нь буруудаж, зөөлөн нь хатуудсан харилцаа тогтолцоо болтлоо хөгжиж ирлээ. Зах зээлийн үед өөрийн хүч чадлаар амьдрахаар явж байгаа иргэдийг уландаа гишгэж  дарга нэртэй дарангуйлагч нар дээрэлхэж  байна.  Иргэд гарц хайж байна.  Цагаан захтай луйварчдаас салах цаг болсон. Дийлэнхийг нь өөрчлөхийг хүсч байна. Одоо Дорноговь утаанд дарагдаж эхэлж байна. Цогцолбор барихтай зэрэгцүүлэн утааны асуудлыг шийдмээр байна. Сайншанд үйлдвэрлэлийн дагуул хот болно. Их цогцолборын замын асуудлыг одооноос шийдэх хэрэгтэй байна. Тохитой өргөн зам тавъя. Төвлөрөөд байна тэлье гэж ярьдаг ч  тэлж хөгжиж байгаа юм алга.  Замын-Үүдэд 19 дүгээр зам дээр орон нутгийн нүүрс буудаггүй болсон. Үүнээс болоод ямар нэг зөвшөөрөлгүй газарт нүүрс буулгах шийдвэр гаргаж байна. Хувийн компани нь тэр зам дээр буулгаад  урагшаа нүүрс тээвэрлээд байна.

Ерөнхийлөгч  архины оронд сүүгээ өргөж байхыг уриалсан нь үр дүнгээ өгч байна гэж бодож явдаг. Бид шинэ жилийн баяраа архигүйгээр тэмдэглэсэн. Саран хөхөө театрын Пүрэвдорж гэдэг хүнийг шагналд 2009-2011 онд удаа дараа соёлын гавъяат зүтгэлтэнд тодорхойлоод олгогдохгүй байгаа юм. Хийсэн юмтай хүнд шагналыг нь өгөх ёстой болов уу гэж манайхан бодож  байна.  Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж олон зуун гол горхи, рашаан ширгэж үгүй болсон. Түүний нөгөө талаар газар нутгийн 70 орчим хувьд цөлжилт үүссэн. Зарим газрыг  20-30 жилийн хугацаагаар ашиглуулахаар гадаадынханд өгсөн гэж үзэж байна. Монгол хүн тэвэрт багтах чулуу, малаа бэлчээх газар, уух усаа гадаадынхнаас гуйж байна. Нутаг орноо хүнд байдалтай байхад бэлчээрийн менежментийн тухай ярьж байна. Нухацтай шийдэхгүй бол болохгүй байна. Зөвхөн УИХ  яриад шийдэх юм бол амьдралд нийцэхгүй зүйл гарна. Дэлгэрэх сумын Засаг дарга Батмөнх тэргүүтэй хүмүүс гадаадын хөрөнгө оруулалттай компанид нутгийн уулыг өгч наймаалцаж байна. Бид төрөө дээдэлдэг жудагтай ард түмэн. Тэгтэл өнөөдөр төр засгаа хэлэх хэлэхгүйгээр хэлдэг болж итгэл алдагдаад байна. Манай төрийн өндөрлөгт болчимгүй улс гаргасан юм байна гэдэгт итгэх боллоо. Манай түшээд ч ялгаагүй мөнхийн ус уулгана гэх шахам амлалт өгч байсан. Ерөнхийлөгч та ч бас ийм зүйлд оролцсон хүн. Өвгөд хөгшдийн талаар тавих бодлого гэж алга. Гарт нь хэдэн чихэр атгуулж баярлуулж байна.  Цэдэнбал даргын үед ажил албатай, боломжийн байсан шүү. Тэтгэвэр нэмэгдсэн зүйл алга байна. Үхэхийг нь хүлээгээд байна уу. Үүнийг анхаармаар юм. Гэмт хэргийн үзүүлэлт төвөгтэй байна. Айл өрхөөр нь устгадаг, галдан шатаадаг, алдаг айхтар хэрэг гарч байна. Цаазын ялаас татгалзсан явдал нь цаг үеэ олсон явдал мөн үү.

Өнгөрсөн жил Япон, Америкаас Монгол улсад цөмийн хаягдал булах тухай асуудал яригдаж байсан. Үүнийг Ерөнхийлөгч зөв зүйтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хүүхдийн ордонтой анхны аймаг болж байсан юм. Харамсалтай нь галд өртсөн. 220 сая төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хэргийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулна уу. Дорноговь аймагт хүнсний аюулгүй байдал алдагдаж байна. Хүнсний үйлдвэр хувьчлагдсанаар ажиллахгүй болсон.  Хүний эрүүл мэнд ярихаар эмнэлгээ яриад байдаг. Эхлээд хүнснийхээ үйлдвэрүүдийг ярих хэрэгтэй. 2013 он хүртэл тэтгэврийн зээл авсан. Одоо бага мөнгөөр амьдарч байна. Гуравхан машинтай компанид хүртэл уул уурхайн зөвшөөрөл өгч байна. Төмөр замын 82 ширхэг барилгыг цэвэр, бохир усны шугамд холбоогүй, байгаль орчин бохирдуулж байна.  Үүнийг цэвэр, бохир усны шугамд холбоход 300 сая төгрөгийн хөрөнгө шаардагдах юм. Улсын төсөвт суулгаж өгөөчээ. Манай баг ганцхан цэцэрлэгтэй, төмөр замын ажилтнуудын хүүхдүүдийг л авдаг. Цаана нь олон хүүхэд цэцэрлэггүй үлддэг. Цэцэрлэг барих асуудлыг шийдэж өгөөч гэж хүсч байна. Манай байгууллага ус, дулаан, цэвэрлэх байгууламжийг хариуцдаг. Хоёр яаманд харъяалагддаг. Манай зууханд орон нутгийн тасвөөс 2 тэрбум төгрөгийн өөрчлөлт, шинэчлэлт хийсэн. Өнөөдөр гайгүй байна. Гэвч зарим тоног төхөөрөмж жагсаалаас гарч байгаа. Аваарын байдалтай ажиллаж байна.  3,2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээч гэж хүсэх байна. Ажилд орох гэхээр нас заагаад авахгүй байна. Дээрээс нь тэгээд байна уу. Төмөр замын байгууллагууд орон нутгийн удирдлагууд, иргэдтэй уулздаггүй, тайлан тавьдаггүй. Одоо төмөр замынхны тайланг сонсож, ажил амьдралаа ярилцаж баймаар байна. Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүтэн байдал алдагдаад байна. Даяарчлагдаж буй нөхцөлд дангаарчилагдах гэж зүйл байдаг. НҮБ-ын чуулган дээр Ерөнхийлөгч монгол дээлтэйгээ үг хэлсэнд баярласан шүү.  

Ийм маягаар иргэд асуулт асууж, саналаа илэрхийлж байлаа.            

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж цаг давчуу байсан ч бичгээр болон амаар асуусан зарим асуултад харуулав.  

Шүүх, прокурортой холбоотой олон гомдол гарсан байна. Үүнд шүүх, прокурорынхон сайн анхаараарай. Уг нь шүүх, прокурор чинь иргэдээ хамгаалдаг байгууллага шүү дээ.  Утааны асуудалтай санал нэг байна. Утаанаас болж хохирч байна. Зөвхөн Улаанбаатарт биш бүх аймгуудад утаа бий болж байна. Жижиг уурын зуухнуудын асуудлыг хөдөө орон нутагт цэгцлэх хэрэгтэй юм. Нүүрсээс хий гаргаж ашиглахгүй бол хэцүү байна. Бензин шатахууны асуудлыг өөрсдөө шийдэх алхам хийх ёстой. Жижиг, дунд бизнесийг татвараас чөлөөлдөг болох хэрэгтэй. Их Хурлын гишүүн бүр хууль санаачлах эрхтэй байдаг. Дорноговийн 2 гишүүн ч энэ асуудалд анхаарах байх. Дундаж иргэдийн амьдралыг дээшлүүлэх хэрэгтэй. Хамгийн хүндрэлтэй асуудал нь дулаантай холбоотой юм байна. 20-30 жил болсон шугамтай, хэдий болтол аваарын байдалтай ажиллах билээ. 3,2 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газарт өгөх үүрэг даалгаврын чиглэлд оруулъя.

Уул уурхайн асуудалд анхаарч ажиллая. Хүч хүрэхгүй асуудал их байна. УИХ, орон нутгийн Засаг дарга нар хүч хавсарч ажилламаар байна. Хайгуулын лиценз олгохыг зогсоосон. Үүний үр дүнд хайгуулын зөвшөөрөлтэй талбайд газар нутгийн бараг тал хамрагдсаныг 13 хувь болтол бууруулсан. Цаашид бууруулна. Шинээр ашигт малтмалын хууль гараагүй байхад лицензийн хоригийг үргэлжлүүлнэ. Шинэ хуулийн төсөлд хамгийн гол заалт нь тухайн баг, сумын иргэдийн саналыг авч байж шийдэхээр тусгаад байгаа. Хэрэв орон нутгийн иргэд зөвшөөрөхгүй бол хайгуул хийхгүй, уурхай байгуулахгүй. Хэдхэн хүний цүнхэнд уул уурхайн лиценз орсноос ийм хүнд байдалд үүссэн. Одоо ч лиценз авах хүсэлтэй дарга нар их байна. Ажилд авахад нас хүйсээр ялгаварладаг байдлыг хаана ч гаргаж болохгүй. Засгийн газар дээр яриад эхний ээлжинд 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60 дээш насны эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг өгье гэж байгаа. Цагаан сарын өмнө боломжтой бол асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Оюутнуудад сурлага, бусад зүйлийг харгалзахгүйгээр сар бүр 75 мянган төгрөгийг нь өгөхөөр хуульчлагдсан. Ховор мэргэжлээр сурч байгаа, онц сайн сурч буй оюутнуудад нэмж мөнгө өгөх ёстой.

Цаазын ялтай холбоотой асуудлыг сайн бодох хэрэгтэй. Энэ ял байх ёсгүй. Муухай хэрэг хийгээд байгаа хүмүүсийг цаазаар авах ялын оронд насаар нь  хорих юм. Ардын хүүхэд  хүний амь хохироосон болж, хэрэгтэн завших боломж байдаг. Хүний амьтай холбоотой асуудал бол нарийн юм.  Цаазын ял гээд байвал хэцүү. Ялыг гүйцэтгэсний дараа жинхэнэ хэрэгтэн нь гарч ирж байсан тохиолдол дэлхийгээр нэг байна.  Ийм ялгүй болно гэдэг хүний эрх зөрчигдөхөөс нэг талдаа хамгаалсан зүйл шүү. Нэг ч хүн хилсээр цаазлагдах ёсгүй гэсэн шийдвэр шүү. Цаазаар авах ялыг байхгүй болгож ял завшуулах гээд байгаа юм биш.  

Архитай холбоотой асуудал их байна. Архины бизнес нь дарга, эрх мэдэлтнүүдийнх  байдаг. Хохирогч нь ард иргэд, хожигч нь дарга нар байдаг. Аймгийн төвд  үйлчилдэг цэг 1–2 байхад л болно. Архинаас хэн хожиж байна. Олигархиуд л баяжиж байна.  Танил талтай  хүмүүс  зөвшөөрөл авдаг гэж зарим нь боддог. Цэгийг багасгах хэрэгтэй. Төсвийн мөнгөнөөс нэг ч шил архи авахыг хориглох хэрэгтэй. Одон, медалийг угаагаад байх шаардлага байхгүй. Төр тийм бохир одон, медаль өгдөггүй шүү дээ. Архиар хүнийг шахахыг  гэмт хэрэг гэж тооцохоор хуульчилж байгаа. Архитай цаашид ч тэмцэнэ.  

Барилга цэргийн албыг 2 жил байлгаж болох юм. Энэ чиглэлд  асуудал зохицуулж болно.  

Бэлчээрийн асуудлыг сум, баг руу нь өгөх хэрэгтэй. Өөрсдөө шийдээд ирсэн арга зүйгээ мэднэ. Дээрээс нь шийдвэл зөрчил үүсэх талтай.  Төрийн албыг мэргэшсэн тогтвортой байх тогтолцоо руу нь хандуулах хэрэгтэй. Төрийн албанд шударга, мэргэжил, ёс зүйтэй хүмүүс ажиллах  ёстой. Хамаатан саднаа татахгүй,  намчирхахгүй байхыг нийт төрийн албан хаагчиддаа анхааруулъя гэлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж