Лондонгийн олимпийг зорих Монголын баг тамирчдаас хамгийн түрүүлж олимпийн эрхээ өвөртөлсөн Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од өчигдөр Японы Ойта хотноо болсон 61 дэх удаагийн “Беппу Ойта” марафоноос мөнгөн медаль хүртжээ. Спортын салбарын отгон гавьяат хоёр цаг, 11 минут, 05 секундын //2:11:05/ амжилтаар мөнгөн медаль хүртэж, хувийн дээд амжилтаа ахиулсан байна. Өнгөрсөн жилийн Лондонгийн марафоны топ 10-т багтахдаа хувийн амжилтаа ахиулж байсан тэрбээр энэ удаад өмнөх дээд амжилтаа 30 секундээр ахиулжээ. Б.Сэр-Одын хувьд сүүлийн 10 сарын хугацаанд таван ч марафонд оролцсоныг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны сайтад онцлон бичжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон Лондонгийн марафон, залгуулаад БНСУ-ын Дэгүд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дараа нь Бээжин, Хофү гээд тав дахь нь ийнхүү өчигдөр болсон “Беппу Ойта” марафон болж байна.
Тус марафонд Кенийн гүйгч Харун Ньороге 2:09:38 цагийн амжилтаар түрүүлжээ. Топ 10-т манай тамирчны араас Этиоп, Япон, Австрийн тамирчид хурдалсан байна.
Б.Сэр-Од тун удахгүй Английг зорих бөгөөд олимпийн “нийслэл” хотноо тавдугаар сар хүртэл байж, бэлтгэл сургуулилтаа базаах юм.
С.Цэлмэг