Египет хувьсгалаа эргэн санагалзав

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Египет хувьсгалаа эргэн санагалзав

Өнгөрсөн долоо хоно­гийн лхагва гаригт Еги­петийн Порт-Саид хот­­­­ноо хөлбөмбөгийн хөгжөөн дэм­жигч­дийн хооронд гарсан олныг ха­марсан зодооны улмаас эхэлсэн хүчирхийлэл Каир болон бусад хотуудад халдварлажээ. Суэц хотод мөргөлдөөний улмаас хоёр хүн амь үрэгдлээ. Жилийн өмнө Хосни Мубаракийн авторитар дэглэмээс салсан оронд гарч буй энэ үймээн улс төрийн ноцтой хямрал дагуулж магадгүй байна.

Лхагва гаригт Порт-Саид хотод гарсан хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хоорондын зодооноос 74 хүн амиа алдан олон арван хүн шархдаж гэмтэв. Энэхүү үймээн одоо Египетийг хамаарсан өргөн цар хүрээтэй болов. Каир хотноо хөлбөмбөгийн хэт даврагч дэмжигчдийн уриалгаар олон мянган хүн гудамжинд гарч Дотоод хэргийн яамны байрыг дайрах үеэр наад зах нь гурван хүн амь үрэгдэн 1051 хүн шархаджээ. Хоёр жагсагч нулимс асгаруулах хийд хордон нас баржээ. Цагдаагийн ажилтнуудаас нэг  хүн амь үрэгдэн 138 хүн гэмтэж бэртжээ.

Жагсагчдаас амь үрэгдсэн тухай сонссон хүмүүс цагдаа нарын эсрэг дайрчээ. “Бууны суманд амиа алдсан хоёр цогцсыг эмнэлэгт хүргэгдэж ирсэн” гэж эмнэлгийн моргийн эмч хэлснийг “Reuters” дамжуулав. Порт-Саидад мөргөлдөөнд амиа алдагсдыг нутаглуулах гэж хэдэн мянган хүн цугларсан байна. Нийслэлийн Тахрирын талбайг хэдэн мянган хүмүүс эзлээд байгаа гэнэ. Тэд ойролцоо орших Дотоод хэргийн яамны байшинг дайрах гээд оролдсон нь байрыг тойруулсан татсан өргөст тор, бэхлэлт зэргийн хэсгийг буулгаснаас хэтэрсэнгүй.

Хотноо хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид Засгийн газрын эсрэг уриа лозунгтайгаар фельдмаршал Мухаммед Хусейн Тантауи тэргүүтэй цэргийн зөвлөлийг огцруулахыг шаардсан бай­на. Жагсагчид мөргөлдөөн гарсны гол буруутан нь дайсагнасан бүлгүүдийг тусгаарлах талаар юу ч хийгээгүй цаг­даагийнхан гэж үзэв. Каир хотын “Аль-Ахли”, “Земак” багуудын фанатуудыг нэгтгэсэн “Тахрирын талбайн ульт­рас” бүлгийнхэн Иргэний засгийн га­зарт эрх мэдлээ бүрэн шилжүүлж чадахгүй байна хэмээн Египетийн цэргийн эрх баригчдыг буруутгаж байна.  Мубаракийг унагахад чухал үүрэгтэй байсан фанатууд дэглэмийн дараа цэргийнхэн маш хатуу бодлого барин өшөө авч хэдэн зуугаар нь  дэглэмийг шүүмжлэгч нарыг цагдан хорьж байна гэлээ. Өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард дахин мөргөлдөөн үймээн гарсны дараа цэргийнхэн үүнийг “хувьсгалын эсрэг ажиллагаа” гэж нэрлэж байв. Порт-Саидаас буцаэ ирсэн фанатуудыг  төмөр зөмын буудалд угтах үер “Хүмүүс Тантауг цаазлахыг хүсч байна” гэсэн уриа гарч ирэв.

Сөрөг хүчнийхний дунд орон нут­гийн хөлбөмбөгийн дээд удирдлагатай эцгийнхээ засаглалын үеэр нарийн нягт холбоо тогтоосон байсан Муба­ра­кийн хүү Али, Гамаль нар энэ үй­мээ­ний ард байгаа гэж үзжээ. Хөл­бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн талд парламентын олонх “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний улс төрийн жигүүрийн Эрх чөлөө, шударга ёсны нам зогсов.

Намын төлөөлөгч нарын нэг Эссам аль-Эриан арми, цагдаагийнхан тэдэнгүйгээр улс оронд тогтвортой байдал тогтохгүй гэдгийг харуулахаар мөргөлдөөнийг өдөөсөн гэж хэлэв. Засгийн газар байдлыг намжаахаар оролдож байна. Цэргийнхний томилсон ерөнхий сайд Гамаль Ганзури парламентад үг хэлэхдээ Порт-Саид хотын дарга, хүчний байгуулагын удирдагчдыг огцруулсан гэхдээ яагаад Дотоод хэргийн сайдыг огцруулах гээд байгааг ойлгохгүй байна гэв. Египетэд гурав хоногийн гашуудал  зарлаад байгаа юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж