Дүүргийн удирдлагуудад анхааруулга өгөв

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Дүүргийн удирдлагуудад анхааруулга өгөв

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнгөрөгч баасан гаригт боллоо. Энэхүү хурал­дааны хүрээнд үүрэг даалгавар өгсөн ажлын биелэлтийн талаар бо­лон цаг үеийн асуудлаар ярилцсан байна.

Цэргийн шинэчилсэн бүртгэл 97,5 хувьтай болж өнгөрчээ

Нийслэлд өнгөрсөн нэгдүгээр сарын 4-22-нд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэсэн. Энэхүү бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж 152 хороодод зохион байгуулж, 97,5 хувьтай болж өнгөрсөн ажээ. Үлдсэн иргэд болох 3914 хүнийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан бүртгэлд хамруулна гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр танилцуулав. Энэ жилийн бүртгэлийн үр дүнд цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн санг дүүрэг, хороодод суурилсан байна. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг Засаг захиргааны анхан шатны нэгж болох 152 хороодоос хурдан шуурхай үзүүлсэн гэв. Цаашдаа дүүргүүдийн Цэргийн штаб хороодод бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах боломж бүрдсэн ажээ.

Хэрэг, зөрчлийг бууруулах талаар үүрэг өгөв

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаагаас нийслэлд гал түймрийн дуудлага өссөн байна. Иргэд анхаарал, болгоомжгүйгээс болж гэр байшингаа шатаахаас гадна машинаа гэсгээх гэж байгаад дэлбэлсэн тохиолдол гарчээ. Ялангуяа сүүлийн хоёр долоо хоногт гал түймрийн дуудлага эрс өссөн тухай Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Ч.Намсрайжав онцлов. Түүнчлэн хий ашиглах заавар журмыг мөрддөггүйгээс аюул осол  тасрахгүй байгааг дүүргийн удирдлагууд онцолж байлаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт “Танан импекс” компанийн цайны газар 14 литрийн багтаамжтай хийн баллонт хий алдагдсаны улмаас цайны газрын тогооч 50 настай У нүүрээ түлж эмнэлэгт хүргэгдсэн байна. Газтай холбоотой томоохон аюул осол гарсаар байхад иргэд сэрэмжлэхгүй байгааг нийслэлийн онцгой байдлын газар болон цагдаагийн ажилтнууд сануулж байсан юм. Мөн түүнчлэн зам тээврийн осол гэмтлийн дуудлага ихэсчээ. Ялангуяа хальтиргаа гулгаанаас болж том оврын автобуснуудтай холбоотой осол гарсаар байна. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа н.Жаргалсайхан мэдээлэл өгсөн юм. Том оврын автобуснууд ноцтой осол гаргасан тул ЗЦГ, Нийтийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад шалгалт хийж байгаа аж. Хальтиргаа гулгааг арилгуулах талаар нийслэлээс тусгай ажлын хэсэг гаргахаар боллоо.

Ажлын биелэлт хангалтгүй байгааг сануулав

Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт хангалтгүй байлаа. Тухайлбал, явган хүний замын хальтиргаа гулгаанаас болж өдөрт дунджаар 180-200 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг, барилгуудын сүүдэрт халхлагдаж мөстсөн авто замуудыг цэвэрлээгүйгээс нийслэлд өдөр гарч байгаа 90-100 зам тээврийн ослын дийлэнхийг хальтиргаанаас шалтгаалсан ослууд эзэлж байгаа юм. Энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй, ажил удаашраалтай байгааг сануулллаа. Мөн нийтийн тээврийн хэрэгслийг Энхтайвны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл авто замын нэгдүгээр эгнээгээр тодорхой цагу­удад саадгүй зорчуулах зохион байгууллалтын арга хэмжээ авах үүргийг хэрэгжүүлэхэд Замын цагдаа­­гийн газар, нийслэлийн Ний­тийн тээврийн газар хугацаа алдаж бай­гааг анхаарууллаа.

Нөөцийн махны худалдааг дахин зохион байгуулахаар болов

Чанар, стандартын шаардлага хангасан нөөцийн махны өргөт­гөсөн худалдааг дүүргүүийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, Монго­лын махны холбоо хамтран 14 үйлдвэ­рийн бэлтгэсэн махыг 17 цэгт гарган нийт 373 тонныг өнгөрөгч нэгдүгээр сарын 28-29-нд худалдсан боловч нийлүүлэлт хангалтгүй байснаас эрэлтийг хангаж чадаагүй байна. Тиймээс дахин энэхүү ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэн дараа­гийн шуурхай зөвлө­гөө­нөөр тогтсон өдөр, цагийг батлахаар болсон юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж