Хөгжлийн банк өнгөрсөн жил 600 сая ам. долларын бондыг арилжаалах эрхийг Засгийн газраас авсан нь бий. Энэхүү бонд нь нэг үгээр тайлбарлавал Монголын нэрээр гадаадад гаргаж буй өрийн бичиг гэсэн үг. Тус банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргалын хэлснээр 2012 оныг дуустал хэд хэдэн үе шаттайгаар олон улсын санхүүгийн зах зээлд 600 сая.ам.долларын өрийн бичгийг нууц байдалд арилжаалах аж. Гадаад валютаар болон хаалттай хэлбэрээр арилжаалах уг бондын хугацаа нь 10 жил бөгөөд Сангийн яам, Хөгжлийн банк хоёр Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг олон нийтийн хараанаас далд байдлаар санхүүжүүлэх юм байна.
Монгол Улсын нэрээр гадаадад арилжаалж буй 600 сая ам.долларын өрийн бичиг яагаад хаалттай нууц байдалд олон улсын зах зээлд гарч буйн шалтгааныг өнөөг хүртэл Хөгжлийн банкны зүгээс тайлбарлаагүй байгаа юм. Сангийн яам болон, Хөгжлийн банкнаас төлөвлөснөөр бол Хонконг, Лондон, Сингапурын хөрөнгийн зах зээлд уг бондыг борлуулах аж. Гэтэл энэхүү бондыг гадаад зах зээлд гаргалаа гэхэд хүү нь ямар байх, ямар ямар төслийг санхүүжүүлэх вэ гэдэг нь өнөөдөр ч хаалтын гэрээ хэлбэрээр нууц байдалтай байна. Уг нь Засгийн газрын нэрээр гадаад зах зээлд гарч байгаа олон сая долларын бондын хүү нь хэдэн хувь, хэдий хугацаатай байх вэ гэх наад захын хүнд тайлбарлах мэдээлэл Хөгжлийн банкинд алга.
Ямартай ч яагаад хамгийн түрүүнд төмөр замын салбарт 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн шалтгаанаа Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргал “Нэгэнт хямд өртөгтэй зээл олдсон учир Хөгжлийн банк зорилгоо биелүүлж эхэлсэн гэж ойлгож болно. Харин 30-40 их наядаар үнэлэгдэх бүтээн байгуулалтын төслүүдээс чухам аль нь эдийн засагт хамгийн үр өгөөжтэй вэ гэдгийг тооцож үзсэн. Бүтээн байгуулалтын суурь нь дэд бүтэц гэж үзэх юм бол төмөр замаа эхэлж тавих учиртай. Үүний дараа цахилгаан станцаа барьж, улмаар томоохон боловсруулах үйлдвэрүүд, болон орон сууцны хорооллыг барих нь зөв төлөвлөлт болно” хэмээн тайлбарлаж байна. Шинэ төмөр зам барьж, түүний дараа цахилгаан станцууд барих гэсээр байтал байрны үнэ хаданд гарч бага, дунд орлоготой иргэдийг оронсууцжуулах Засгийн газрын төлөвлөгөө будаа болох нь. Учир нь шинэ төмөрзам барих төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ таван тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд 20 сая ам.доллар гэдэг Монгол Улсын Засгийн газрын төлөвлөсөн 5683.5 км төмөр замын суурь бүтцийг барихад хаана ч хүрэхгүй нь гэж албаны хүн нэгэнтээ үг алдаж байв. Төмөр замыг гурван үе шаттайгаар 1520 мм-ийн өргөн царигаар барихаар УИХ-аас баталсан байгаа. Эхний үе шатанд нийт 1100 орчим км, хоёр дахь үе шатанд 900 орчим км, гурав дахь үе шатанд 3600 орчим км төмөр замыг барих маршрутыг тогтоосон. Эхний ээлжинд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян,Сайншанд-Баруун–Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэх юм гэсэн. Шинэ төмөр замын чиглэлийг тогтоохдоо стратегийн ордууд болон боловсруулах үйлдвэрийн ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, ашигт малтмалыг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх нөхцөлийг хангах, гол худалдан авагч нь ОХУ, БНХАУ, Ази, Номхон далайн орнууд болон Европын холбоо байхаар бодлогын баримт бичигт тусгасан байгаа. Шинэ төмөр замын төслийнхөн зам барилгын ерөнхий гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж буй агаад нийтдээ 30 компанийн ажлын гэрээ нь 31.8 тэрбум болж байгаа гэнэ лээ. Энэ мөнгийг хаанаас гаргах нь бас л нууцлагдмал. Учир нь хаалттай гэрээний бүх асуудал иргэдэд хаалттай байх болохоор.
Харин 20 сая ам.доллараар 15 мянган айлын орон сууц барихад хангалттай хүрэлцэх мөнгө хэмээн Орон сууцжуулах үндэсний хорооныхон үзэж байна лээ. Хэрвээ Хөгжлийн банк “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хөрөнгийг яаравчилж, зургаан хувийн хүүтэй зээл гаргахыг шуурхайлсан бол байрны үнэ тэнгэрт хадаж, бага дунд орлоготой иргэдийн мөрөөдөл сарнихгүй байсан бизээ. Сонгуулийн өмнө зургаан хувийн зээл гаргаж, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн Засгийн газрын төслийг хаалттай өрнөж буй гадаад арилжаанаасаа хэдийд санхүүжүүлэхийг хэлж чадахгүй байгаа Хөгжлийн банкныхан хэзээ хөлжиж, хөрөнгөжих вэ гэдэгт нээлттэй хариу өгнө үү.