Харин иргэдийн үүр цайсан уу. Цайгаагүй гэдгийг захын иргэн хэлнэ. Яагаад гэвэл сонгуулийн амлалт нь мянгуужингийн үлгэр байсныг иргэд одоо ойлгож байна. Улстөрчдийн амлалтын хүчинтэй байх хугацаа дуусгавар болоход ердөө тавхан сар үлдэж байгаа учраас амлалтаа нэхэцгээе. Тэр үеийн МАХН одоогийн МАН, мөн Ардчилсан Намаас амлалтыг нь нэхэцгээе.
Ардчилсан нам “Бид амлалтаа биелүүлээд хувьцаа тараахаар болчихсон учраас Засгийн газраас гарсан” гэх байх л даа. Гэхдээ Ардын намынхан түүнээс нь тэс хөндлөн юм ярьчихсан явна лээ. Эхлээд хувьцаа эсвэл нэг сая төгрөгөө ав гэж байсан Ардын намын дарга С.Батболд одоо мөнгө тараах боломжгүй гээд байгаа. Гэхдээ үүнийгээ аль дөрвөн жилийн өмнө мэдэж л байсан. Тэр үед боломжгүй биз дээ гээд байхад л “болно оо, болно” гэсэн биз дээ. С.Батболдод дөрвөн жилийн өмнө л боломжгүй гэж хэлэх боломж байсан юм. Тиймээс одоо хэлмээр байвал хаданд очиж хашгир л гэх байна. Түүний хувьцаа эсвэл мөнгө гэдэг сонголтыг нь аваад үзье л дээ. Лондон, Хонконгийн хөрөнгийн биржийнхэн түүнийг нь боломжгүй гээд гэдийчихсэн. Тавантолгойн IPO-г гаргах ажил зогсчихсон байгаа. Энэ нь ч учиртай. Угаас манайхаас бусад нь хувьцаанд нэрлэсэн үнийг шууд дураараа тогтоодоггүй юм гэсэн. УИХ, Засгийн газар бол бүр ч үгүй. Тиймээс аль хэдийнэ үнийг нь тогтоочихсон хувьцааг олон улсын хөрөнгийн биржийн зах зээлд гаргах боломжгүй болчихоод байна. Тэгээд яаж нэг сая төгрөгөө өгөх вэ. Засгийн газрынхан мөнгөө авна гэсэн иргэдийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд зараад 1,5 саяын үлдэгдэл сая төгрөгийг олгоно гээд байгаа. Бодоод үзье л дээ. 1072 хувьцааг сая төгрөгөөр үнэлж байна. Тэгвэл нэжгээд хувьцааны үнэ дунджаар 900 гаруй төгрөг болно. Манай хөрөнгийн бирж дээр борлуулагдаж хамгийн үнэтэй хувьцааны дундаж үнэ нь 200 орчим төгрөг байгаа. Тэгэхээр үндэсний аж ахуйн нэгжүүд тийм өндөр үнэтэй хувьцааг авах мөнгө ч, хүсэл ч байхгүй гэсэн үг. Тэгээд ч хөрөнгийн зах зээлд гаргахаас өмнө хувьцаанд нэрлэсэн үнэ тогтоож, түүнийгээ хуваарилах боломжгүй гэдгийг урилгаар авчирсан мэргэжилтнүүд учирлаад байгаа шүү дээ.
Аль ч талаас нь харсан МАН-ын нэг сая төгрөг тараах амлалт биелэх боломж алга. Тэрийгээ ч янз янзаар тойруулан түгдчээд байгаа. Одоо тэдэнд үлдсэн ганц гарц бол элдэв аргаар Тавантолгойн хувьцааг гаргалгүй сонгуулийг өнгөрөөх л болоод буй. Тэд зөвхөн оюутнуудад л нэг сая төгрөг өгөх амлалтаа биелүүллээ. Гэхдээ өөрсдөөс нь асуулгүйгээр тэднийг хувьцаагүй болгочихсон. Бас ахмад настнуудад олгох нэг сая төгрөгийг төсөвт суулгачихсан гээд байгаа. Цагаан сараас өмнө олгоно гэсэн.
Ерөнхий сайдын хэлснийг цэг, таслалтай нь хүргэвэл,
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр, нийт 334.2 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн гээд байгаа. Тэр нь ч бүтэхгүй гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна. Олголоо, олгосныг нь ахмадууд бүгдээрээ авлаа гэхэд 334,2 мянган хүн иргэн бүрт эзэмшүүлэх хувьцаагүй болно. Ер нь бүгдээрээ мөнгө ч үгүй, дээр нь хувьцаагүй болох гээд байна. Үгүй дээ л сайнаар бодоход энэ нийгмийн хоёрхон хэсгийн төлөөлөлд 1,5 сая төгрөг олгох нь. Явж явж жирийн иргэд, багачууд, дунд, залуу үеийнхэн хоосон хоцрох нь. Тэд нэг саяыг яг өгнө өө, тэгж харагдана… Шууд бус утгаар нь ойлгоорой. Одооныхоор орчуулбал, нэг сая төгрөг өгөхгүй, хар ярианы хэлээр бол “яг тэгж харагдаач” гэдэг болчихоод байгаа юм.
Тэднийг айлгаж байж, амласан мөнгийг нь авах ганцхан л арга байна. “Сонгууль айсуй” гэж. Үүнээс л урьтаж намууд амлалтаа биелүүлэх арга саамаа хайна. Гэхдээ гартаа авсан цагтаа л авлаа гэж итгэхгүй бол итгэхийн аргагүй нөхдүүд гэдгийг эдүгээ харж буй биз. Амьдралд илүү ойроор “бөхчүүд”-ийн хэллэгээр бол начны найраатай л адилтгах хэрэгтэй. Амлуулж, даваа авчихаад мөнгөө өгөхгүй муриад байгаатай л адил.
Тиймээс л одоо МАН-ын удирдлагуудад ганцхан дуу хит болоод байгаа.
-Үүр битгий цайгаасай
Өглөө битгий болоосой… гэж. Харин иргэд “Хонхны дуу”-г амандаа аялаастай.
Эцэст нь илүү үглэчихэд,
-Биеэ битгий үнэл. Үнэлсэн ч үнэ, хөлсөө авч байгаад үнэл.