Н.Түвшинбаяр “Их дуулга”-ын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр “Их дуулга”-ын аварга боллоо

Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын “Их дуулга”-ын эхний өдөр буюу бямба гаригт эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир түрүүлж, Гавьяат тамирчин М.Бундмаа /эм, 52 кг/ мөнгө, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар /эр, 66 кг/, ОУХМ М.Уранцэцэг /эм, 48 кг/ нар хүрэл медаль хүртсэн бол тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр аваргалж, мөн тус жинд Б.Тэмүүлэн хүрэл медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд чансаагаараа 12 дугаар байрт эрэмбэлэгдээд байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний тойргийн барилдааныг өнжиж, улмаар Беларусийн Яаухен Биядулун, Францын Тьерри Фабре нарыг цэвэр, дараа нь БНСУ-ын Хван Хи-Тэг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Хагас шигшээ барилдаанд Узбекистаны Рамзиддин Саидовтой таарч, вазари үнэлгээгээр дийлж, аваргын төлөө Латвийн Евгенис Бородавког хоёр юүкогоор ялж, “Их дуулга”-ын аваргаар тодорсон байна. Мөн тус жинд зодоглосон ОУХМ Б.Тэмүүлэн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Морокко улсын тамирчин Мохамед сиди Акуидатыг цэвэр, дараа нь Украйны Вячеслав Денисовыг цэвэр, улмаар Францын жүдоч Сириль Маретыг юүко үнэлгээгээр ялснаар медалийн тавцанд гарах эрхтэй болжээ. Харамсалтай нь, хагас шигшээд барилдаанд Латвийн бөхөд вазари үнэлгээгээр дийлдсэнээр  медалийн өнгөө хувиргах боломжгүй болжээ. Хэрэв Б.Тэмүүлэн Латвийн тамирчинг ялсан бол -100 кг-ын жинд Монголын хоёр жүдоч түрүү булаалдах байлаа.

Тэмцээний хоёр дахь Парисын татамид зодоглосон Монголын бусад жүдочдын тухайд хэсгийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм.

Ийнхүү чансаа өндөр “Их дуулга”-ын тэмцээнээс Монголын жүдочид хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн 94 орноос гуравдугаар байрт бичигдлээ. Жүдочдын дараагийн “зогсоол” нь “Дэлхийн цом”-ын тэмцээн юм. Хоёрдугаар сарын 11, 12-нд буюу ирэх бямба, ням гаригт эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом” Унгарын нийслэл Будапешт хотноо болох бол эрчүүд Австрийн Обервартад зодоглоно.

Гэрэл зургийг Энд дарж үзнэ үү

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж