Л.Алтантулга “Топ-10”-т түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Л.Алтантулга “Топ-10”-т түрүүлэв

Монголын ширээний теннисний холбооноос Монголын бүх ард түмний анхдугаар их наадмын аварга, улсын гурван удаагийн аварга Б.Амарсанаагийн хөдөлмөр, алдрыг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын топ-10 теннисчдийн дунд бооцоот тэмцээнийг өчигдөр (02.04) “Оч” теннисний клубт зохион байгууллаа.

Үндэсний лигийн VI тэмцээнд эрэгтэй тамирчдын чансааг тэргүүлсэн шилдэг найман тамирчин, мөн эмэгтэй тамирчдын чансааг тэргүүлсэн ОУХМ Б.Батхишиг, урилгаар Хятадын Тяньжин хотын II шигшээ багийн тамирчин Ван Чи нар оролцсон юм. Тус тэмцээнд Монголын одон бөмбөгчдийн хувьд энэ сарын сүүлээр Макаод болох Азийн аварга шалгаруулах тэмцээн, гуравдугаар сард болох МБАТ-ий их наадам, мөн гуравдугаар сарын сүүлээр Германы Дортмундад болох багийн ДАШТ-ий өмнөх томоохон сорилт болж байгаа юм.

Ингээд Б.Амарсанаагийн нэрэмжит ТОП-10-ын тэмцээнд доорхи тамирчид:

1.    Э.Лхагвасүрэн /Улсын аварга, СМ/
2.    Л.Алтантулга /Улсын гурван удаагийн аварга, ОУХМ/
3.    З.Төрболд /СМ/
4.    Б.Баатарсүрэн /СДМ/
5.    Н.Энхсайхан /Улсын аварга, СМ/
6.    Т.Энхтөр /Улсын аварга, ОУХМ/
7.    Б.Баярмагнай /Улсын хошой аварга, СМ/
8.    Б.Билэгт /ДМ/
9.    Б.Батхишиг /Улсын таван удаагийн аварга, ОУХМ/
10.  Ван Чи /Тяняжин хотын II шигшээ багийн тамирчин/ нар өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Улсын гурван удаагийн аварга, ОУХМ Л.Алтантулга эзэлж 500 мянган төгрөг, хоёрдугаар байрыг Хятадын Тяняжин хотын тамирчн Ван Чи эзэлж 300 мянган төгрөг, гуравдугаар байрыг спортын мастер З.Төрболд эзэлж 100 мянган төгрөгийн шагнал хүртлээ. Мөн тусгай байрт спортын мастер Н.Энхсайхан, спортын дэд мастер Б.Баатарсүрэн, ОУХМ Т.Энхтөр нар эзэлсан байна. 

Б.Амарсанаа нь 1960 онд байгуулагдсан Монголын анхны шигшээ багийн гишүүн бөгөөд 1961 онд болсон МБАТ-ий анхдугаар их наадамд ширээний теннисний бүх төрөлд 15-хан настайдаа түрүүлж, гайхамшигт амжилт үзүүлж байсан нь одоог хүртэл Монголын ширээний теннисний түүхэнд давтагдаагүй байгаа билээ. Б.Амарсанаа нь 1962, 1966 оны улсын аварга, спортын мастер цолтой. Тэрбээр мэргэжлийн дипломатчийн ажлаа хийхийн зэрэгцээ ширээний теннисний спортоор тасралтгүй хичээллэж, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцохын зэрэгцээ тэмцээнд оролцох баг тамирчдыг бэлтгэж, ширээний теннисний спортын дөрвөн мастер, 10 гаруй бусад зэрэг цолтой тамирчдын бэлтгэн гаргажээ.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж