Ираны удирдагч АНУ, Израйльд анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Ираны удирдагч АНУ, Израйльд анхааруулав

Ираны дээд удирдагч Аяатолла Али Хамени тус улсын цөмийн байгууламж руу халдсан тохиолдолд Ойрхи Дорнод дахь АНУ-ын эрх ашиг  бүрэн устана гэдгийг анхааруулсан байна. Өнгөрсөн баасан гаригт Ираны улсын телевизээр цацсан уг мэдэгдэл Исламын бүгд найрамдах тус улсад цэргийн цохилт өгөх магадлал улам нэмэгдэж буйг харууллаа гэж ажиглагчид бичжээ. Нөгөө талаар дээрх мэдэгдэл нь Ливаны исламын зэвсэгт бүлэглэл Хезболлахаар удирдуулсан Тегераны цэргийн хүчинд Израйль руу довтлох ногоон гэрэл байж ч болзошгүй гэдэг таамаг байгаа аж. АНУ болон өрнөдийн орнуудад Ираныг уран баяжуулах лабораториуд барьж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр зэхэж байна гэдэг хардлага улам нэмэгдэж байгаа боловч Иран үүнийг эрс үгүйсгэж, зөвхөн эрчим хүч, анагаах ухааны зориулалтаар цөмийн хөтөлбөр боловсруулж буй гэж мэдэгдэж байгаа юм. Израйль Ираны эсрэг хатуу арга хэмжээ авч, цөмийн байгууламжид нь цохилт өгөхөө анхааруулсаар байгаа боловч өрнөдийн орнууд Ираны эсрэг эдийн засгийн хоригоо чангатгах замаар Исламын бүгд найрамдах улсыг олон улсад ганцаардуулахыг хичээж байгаа билээ. Израйль тус бүс нутагт цэрэг армийн хүчээ зузаатгаж буй энэ үед Аяатолла Али Хамени хэрэв цөмийн байгууламж руу нь халдвал үр дагавар нь 10 дахин илүү аймшигтай байх болно гэж мэдэгдэл хийжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж