“Ноён, хатагтай Смит” киноны жүжигчид Брэд Питт, Анжелина Жоли нар энэ хавар хуримлахаар төлөвлөж байгаа гэнэ. Хос хоёр Брэд Питтийн төрсөн Миссури мужийн Спрингпилд хотод гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд даруухан хуримлах гэж буй бололтой. Гэвч тэд Европын уламжлалт заншлаар биш, өргөж авсан хүүхдүүдийнхээ төрсөн газрын уламжлалыг харуулсан хурим хийхээр төлөвлөжээ. Тэд том хүү Мэддоксийг Камбожоос, Паксыг Вьетнамаас, Захара охиноо Этиопоос өргөж авсан билээ. Харин тэдний төрсөн охин Шило Намибид, Вивиенне, Нокс нар Ниццед төрсөн юм байна. Хуримаа шоу болгочихгүйг хичээж буй хос хоёр энэ тухай маш нууцалж байгаа гэнэ. Цөөн хэдэн хүн оролцох энэ хуримд Анжелина Жоли өөрийн аав жүжигчин Жон Войт, ах Жеймс Хавен нарыг урих бодолтой байгаа аж. Брэд Питт, Анжелина нарын аль аль нь шүтлэггүй учир хуримд ямар нэгэн шашны зан үйл үйлдэхгүй юм байна. Америкт хүн болгон гэрлэх эрхтэй болох хүртэл хуримлахгүй гэж байсан хосыг хүүхдүүд нь хуримлахыг шаардах болсон билээ. Тэд 2004 онд “Ноён хатагтай Смит” кинонд хамтран тоглосноос хойш хамт амьдрах болсон юм. Брэд Питт өмнө нь жүжигчин Женнифер Анистонтой гэрлэж байсан бол Анжелина жүжигчин Жонни Ли Миллер, Билли Боб Торнтон нартай гэрлэж байжээ.
Н.Энх