Эдгээр хамт олны амжилт, алдаа оноогоо дүгнэх чухал үе буюу манай улсад хөдөө аж ахуйн экстейншин /сургалт, нэвтрүүлэлт/-ий үйлчилгээ үүсч хөгжсөний 15 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн хүрээнд “Монгол Улсын хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал зохиогдохын зэрэгцээ хөдөө орон нутагт шинжлэх ухааны ололт, дэвшлийг өөрсдийн өдөр тутмын үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн ажлын үр дүн буюу шинэ бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэсэн юм. Бага хуралд салбарынхан ихээхэн ач холбогдол өгсөн. Тэд хурлаар хөдөө, орон нутгийн төлөөл, эрдэмтэн судлаач, шийдвэр гаргах түвшний хүмүүс цуглан 15 жилийн ажлынхаа ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн ярилцсан юм.
ХААҮШОНТ- өөс хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан технологийн ололтыг хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр, техник, газар тариалан, мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт энэ хугацаанд дэвшилт технологийг ашиглан олон тооны төсөл, хөтөлбөр шинэ дэвшлийг үйлдвэртээ нэвтрүүлж чаджээ. Үүний заримаас нь дурдвал тэжээлийн шимт чанарыг солилцож энергиэр үнэлэх, сүү, махны чиглэлээр малаа өсгөх, биотехнологийн сонгон үржүүлгийн аргаар махны үхэр бий болгох зэргээр малчин иргэд өдөр тутмын амьдралдаа шинэ текнологи нэвтрүүлж, сургалт сурталчилгаанд хамрагдах зэрэг оржээ.
Мөн мал эмнэлгийн чиглэлээр гадна шимэгч, эгэл биетнүүдээр үүсдэг өвчнүүдтэй тэмцэх, адууны цусны паразит ба гельминт өвчний оношилгоог боловсруулах чиглэлээр шинэ технологийг нэвтрүүлж чадсан бол газар тариалангийн салбарт хуурай газрын цагаан буудай тариалах, буудай, жимс, жимсгэнийн шинэ сорт, биотехнологийн аргаар тарианы үр суулгац гаргах зэргийг мөн практикт ашиглаж чаджээ. “Бидний гол зорилго маань эхлээд ард иргэдийг мэдээ мэдээллээр хангах, шаардлагатай шинэ технологийг авч ашиглахад тусалж, сургалт сурталчилгааг явуулдаг бол нөгөө талаасаа иргэд, үйлдвэрлэгчээс гарсан санааг эрдэмтэн, судлаачдад нь дамжуулж, шинжлэх ухааны салбартаа тусгахад нь нөлөөлөх зарчмаар ажиллаж ирсэн” хэмээн тус төвийн захирал Б.Пүрэвсүрэн ярилаа.
Хөдөө орон нутгийн ХААНТ-ийн төлөөлөл ч өөрсдийн ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан юм. Өвөрхангай аймгийн ХААНТ-ийн мэргэжилтэн З.Баярсайхан “Манай аймагт 2003 оноос хойш энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Малчид, тариаланч, ард иргэдэд сургалт сурталчилгаа, мэдээлэл өгөх талаасаа ХААНТ ихээхэн ач холбогдолтой. Биднийг илүү сайхан, бүтээлч амьдрах боломжийг нээж өгч байгаа. Гэхдээ тулгамдаж буй асуудал байна. Юун түрүүнд сургалтын болон дадлага хийх ажлын байр, техник хэрэгсэл дутагдалтай сургалт явуулах, томилолт, унаа зардлын мөнгө хангалтгүй байдаг” гэв.
Мөн бодлогын түвшинд энэ салбарт ямар асуудал тулгарч байгааг ХХААХҮЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газар, шинжлэх ухааны бүтээгдэхүүний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Саулегаас сонирхоход “Өндөр хөгжилтэй орнуудын хувьд шинжлэх ухаан технологийн асуудал нь цогц байх ёстой. Гэтэл манайд энэ байдал алдагдсан байна. Өөрөөр хэлбэл, манай эрдэм шинжилгээний байгууллагууд нь БСШУЯ-ны харьяа, харин нэвтрүүлэх төв нь ХХААХҮЯ-ны дэргэд байдаг учраас ажлын уялдаа холбоо үр дүн муутай байгаа юм. Тиймээс манай яамнаас УИХ эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтцийн асуудал хэлэлцэхэд бид өөрийн салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудаа харьяандаа авах шаардлагатай байгаа талаараа удаа дараа илэрхийлсэн ч дорвитой шийдвэр гаргаагүй” хэмээн хариуллаа. Мөн тэрбээр манай яам эрдэм шинжилгээний байгууллагуудаа харъяандаа авсан тохиолдолд дэргэд нь шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх төвөө байгуулж, гарааны компанийг ч бий болгон цогц байдлаар ажиллах ёстойг онцолсон. Гарааны компани /start -up/ нь эрдэмтэн судлаачдаас гарсан шинэ санаа, технологийг практик дээр туршин үзэж, үйлдвэрлэгчдэд дамжуулах гүүр болж өгөх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Мөн ирэх онд багтаан тус салбарт хууль эрх зүйн хувьд ч багагүй зохицуулалт хийгдэх төлөвтэй байгаа аж.
Харьяа яамны мэргэжилтэн Стратеги бодлого төлөвлөлтийн газар, шинжлэх ухааны бүтээгдэхүүний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Сауле ярихдаа “Бид БСШУЯ-тай хамтарч Инновацийн тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан байгаа. Ирэх онд багтан хууль батлагдах байх. Мөн Технологи дамжуулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг саяхан УИХ-аар хэлэлцэж дэмжсэн бөгөөд Засгийн газарт өргөн барьсан байгаа. Тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сүүлийн үед ЖДҮ эрчимтэй хөгжиж, инновацийг бүх салбарт өргөн нэвтрүүлж байгаа энэ үед гадаадаас орж ирж буй болон дотооддоо шинээр үйлдвэрлэлд нэвтэрч буй бүх техник технологийн аюулгүй байдал, чанарт бүрэн хяналт тавих боломж бүрдэх юм. Нэг ёсондоо хуучин, чанаргүй техник, технологийг үйлдвэрлэлд ашигладаг үед ард үлдэнэ” гэв.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn