Харьд хүргэн, бэр болоод дууссан уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Харьд хүргэн, бэр болоод дууссан уу?

Хацар гоо охид маань харийн бэр болоод дууслаа гэсэн утгатай гоншигносон нийтлэлүүд хэвлэл мэдээллийн хуудсаар дүүрэн байдаг. Энэхүү сэдэв нь хэт үндсэрхэг үзэлтэй хэсэг бүлэг хүмүүсийн хувьд урдаа барьдаг, голоо зогоодог гол сэдэв болдог нь харагддаг. Үнэхээр монголчууд бид гадаадад хүргэн, бэр болоод дуусах гээд байна уу? Ийм асуултад хариулт өгөх зорилгоор бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Гадаадын иргэдтэй гэрлэсэн хүмүүсийг бүртгэдэг газар нь Улсын бүртгэлийн газар. Хамгийн хүнд сурталтай гэгддэг тус газраас энгийн гэж хэлж болохоор ийм мэдээллийг авахад маш их цаг хугацаа хүчин зүтгэл шаардагдах бололтой. Хүсэлт зорилгоо тайлагнасан албан тоот гаргаж өгөн ажлын гурав хоног хүлээхээс өгсүүлээд удирдлага, хэвлэлийн төлөөлөгчийн зөвшөөрөл гээд маш олон дамжлага дамжих хэрэгтэй юм байна. Уг нь хувь хүн, улсын нууцад ямар ч хамаагүй иймэрхүү мэдээллийг вэб сайтдаа байрлуулчихад л болохоор санагдсанаа энд тэмдэглэе.

Энэ мэт шалтгааны улмаас бид Бүртгэлийн газраас ямар ч мэдээлэл авч чадаагүй бөгөөд тус газраас гаргасан албан ёсны бүртгэлийг өөр газраас олж авлаа. Бүртгэлийн мэдээллээс харахад монголчууд гадаадын иргэдтэй гэрлэх нь жил ирэх тутамд багасч байна. Өөр нэг сонирхолтой зүйл нь гэвэл хятад иргэнтэй суусан монголчуудын дунд салалт маш бага харагдаж байгааг дурдаж болно. Монгол улс 1998 оноос эхлэн гадаадад бэр, хүргэн болсон иргэдээ бүртгэж эхэлжээ. Одоогоор 6128 монгол хүн гадаадын иргэдтэй гэрлээд байна. 2.7 сая хүн амтай манай улсын хувьд 12 жилийн хугацаанд зургаан мянган хүн гадаадын иргэнтэй гэрлэсэн нь цочиж гайхахаар зүйл мөн гэж үү.


Эх сурвалж: www.toimsetguul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж