Америкийн хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай хамтлаг “The Jackson 5”-ыг анх бий болгож, хатуу гараар барьж байсан нэгэн бол Попын хаан Майкл Жексоны аав Жой Жексон. Гэвч тэрбээр одоо Лас Вегасын нэгэн худалдааны төвд хямдхан сүрчиг зардаг гэнэ. Сүрчиг зардаг киоскны хажууд нойрмоглон суугаа түүний зураг саяхан алдартнуудын “TMZ” сайтад нийтлэгджээ. Тэрбээр Попын хааны нэрийг барьж, Жексоны сүрчгийг зардаг “Julian Rouas Paris” киоскны худалдагч аж. Гэвч түүний энэ бизнес нь хууль бус гэнэ. Майкл Жексоны нэртэй бүх бүтээгдэхүүний худалдааны эрхийг эзэмшдэг “Bravado International” Майкл Жексоны нэрийг ашиглах эрх аваагүй гэж “Julian Rouas Paris”-ийг шүүхэд өгөөд байгаа юм байна. Майкл Жексоныг алдрын замд хөтөлсөн “The Jackson 5” хамтлагийг анх бий болгосон Жой Жексон энэ жил 84 нас хүрэх гэнэ.
Н.Энх