Кубын Ерөнхийлөгч асан Фидель Кастро дурдатгалын ном гаргажээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш олон нийтийн өмнө гараагүй Фидель Кастро “Guerrilla of Time” хэмээх дурдатгал номоо олон нийтэд танилцуулсан гэнэ. Бараг 1,000 шахам хуудастай уг дурдатгал номдоо тэрбээр хүүхэд ахуй наснаасаа авахуулаад Кубын хувьсгалаар хэрхэн мэндэлсэн тухайгаа өгүүлсэн гэнэ. Өдгөө 85 настай Фидель Кастро тэр үеэр хэлсэн үгэндээ “Куб хүн болгон амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл эх орныхоо төлөө, амьдарч буй эх дэлхийнхээ төлөө, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө тэмцэх ёстой хэмээн дурьджээ. Кубын коммунист намын хэвлэл “Granma”-д бичсэнээр номын нээлт зургаан цаг гаруй үргэлжилсэн гэнэ. Тэрхүү хоёр боть дурдатгалыг Кубын удирдагч асан Фидель Кастро, сэтгүүлч Катюшка Бланко нарын харилцан ярианд үндэслэн бичсэн гэнэ. Дурдатгал ном Фидель Кастрогийн хүүхэд насны дурсамжаар эхэлдэг аж. Кубын зохиолчдын холбооны дарга Мигель Барнет түүний дурдатгалыг 3D кино шиг тодорхой, сонирхолтой гэжээ. 2006 онд өөрийн дүү Раул Кастрод бүрэн эрхээ шилжүүлсэн Фидель Кастро өнгөрсөн онд Коммунист намын хуралд оролцсоноос хойш олон нийтийн өмнө гарч үг хэлээгүй ажээ.
Н.Энх