Надад боломж өгөөч, би орон сууцанд ормоор байна

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Надад боломж өгөөч, би орон сууцанд ормоор байна

“Надад тулах цэг өгөөч, би дэлхийг өргөе” гэдэг үг байдаг даа. Хэн хэлснийг нь хүмүүс хангалттай сайн мэдэх байх. Тэр хүн ердөө л боломж нэхсэн хэрэг. Тэгвэл бидэнд боломж өгөөч, тэгвэл сайхан амьдармаар байна гэх залуус Монголоор дүүрэн байна. Өнөөдөр Монголд боломж ерөөсөө алга. Сайхан амьдрах боломж шүү дээ. Боломж алга ч гэж дээ, гаргаж өгөхгүй байгаа юм. Өнөөдөр төр засаг иргэддээ сар бүр 21 мянган төгрөг өгч байна. Мөн ч их гийгүүлж байгаа биз. Гэтэл өнөөдөр бидэнд 21 мянган төгрөг биш боломж хэрэгтэй байна. Ядаж л орон сууцанд амьдрах боломж. Зүгээр өгөөч гэж нэхэх хүн энэ улсад цөөхөн байгаа. Залууст зүгээр л боломж өгөөч дээ. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр л гэнэ. 40 мянган айлынх нь хэрэгжээд дууссан. Түүнээс 4000 айлын орон сууцыг квотоор олгосон. Уг нь тэр боломж байсан. Гэхдээ өнөө л төр гэдэг аппаратынхан илүү эрх эдэлж, хуваагаад авчихсан. Хувийн хэвшлийнхэнд багахан хэсэг нь олдсон байх. Гэхдээ тэр бүхний хажуугаар өнөөх квот ченж нарын гарт орчихсон, өч төчнөөн сая төгрөгөөр зараад л байж байна. Гэтэл өч төчнөөн залуучууд боломжгүйгээсээ болоод Улаанбаатарын утаанд хувь нэмрээ оруулаад байж байна. Уг нь хуваарлилтаа зөв хийгээд, ченж нарт биш, 10 залууд боломж олгосон бол өөр л байх байсан. Уг нь төр жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох талаар багахан ярьсан. Гэтэл өнөөх яриа нь одоо зүгээр л түүх болж үлдэх шинжтэй. Хэн ч юм бэ нэг нөхөр хүмүүст боломж олгохоосоо айсан хэрэг. Магадгүй өнөө “Чамайг төмөр зам барихыг чинь харна аа” гэж хэн нэгнийг занаад байдаг нөхөр боломж олгохоос татгалзаад байгаа юм биш биз. Учир мэдэх хүмүүс тэгж хардах л юм билээ. Хэрвээ хэн нэгэн нь залуу хүмүүсд, иргэдэд боломж олговол сайн нэртэй болчих гээд байгаа юм байлгүй. Тэгвэл ядаж өөрөө ч болтугай хийх хэрэгтэй шүү дээ. Бидэнд 21 мянга биш  боломж хэрэгтэй байна. Энэ мэтээр цацаж байгаа мөнгөө  бага хүүтэй зээлүүлээд, иргэдээ орон сууцаар хангаач дээ. Эсвэл бизнес хийх боломжоор ч юм уу. Ердөө л боломж гуйж байна. Түүнээс мөнгө биш шүү.

Н.Пунцаг

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж