Урт нэртэй хууль уршиг тарих уу?   

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хууль уршиг тарих уу?   


Pадио, телевиз, автомашин, автобус… Саяхны жишээг дурдвал твиттер, фэйсбүк. техник технологийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн монголчуудын өдөр тутмын хэрэглээнд хүч түрэн орж ирж буй харь үгсийн тоо дахин нэгээр нэмэгдэж мэдэх нь. Энэ сарын 18-ны өдөр Wikipedia болон жижиг 7000 гаруй цахим хуудас нэг өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоон хараар “нүүрээ будсан” нь дэлхийн олон сая хэрэглэгчдийг цочирдуулж, SOPA гэх шинэ нэр томъёог судлахад хүргэсэн. Цахим ертөнц дэх зохиогчийн эрхийг хамгаалах хууль буюу SOPA-г эсэргүүцэж буйгаа тэд ийн илэрхийлсэн аж.

Wikipedia дэлхийн сая сая хүний амьдралд ямар чухал үүрэгтэй, аварга ертөнц болсныг тэд ухааруулж дөнгөсөн. Хар Wikipedia-тай өнжсөн өдөр, зөвхөн хэдхэн цахим хуудасны нүүр харлаад зогссонгүй, энэ байдал олон мянган хүний ажлыг баллаж дөнгөсөн. Цахим ертөнцөд ноёрхдог бусад томоохон компаниуд ч энэ тэмцэлд нэгдээд буй. Tэмцлийн өдөр Google логогоо хараар будаж, Конгресст: Цахим сүлжээнд битгий халдаач гэсэн бичиг нүүр хуудсандаа байрлуулав. Цахим ертөнцийн эрх чөлөө XXI зуунд ус агаар мэт хэрэгтэй болсныг тэд сануулж байгаа юм.
 
Энэ оны 1 сарын 20-нд “Megaupload” сайтын үүсгэн байгуулагч Ким Дотком гэгч Германд төрсөн финн гаралтай, Герман, Финлянд хоёр улсын иргэншилтэй ХонкКонг, Шинэ Зеландад амьдардаг 32 настай эрхэмийг Шинэ Зеланд улсын хүчнийхэн баривчилжээ. Түүнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Төрийн департмент зохиогчийн хуулийг зөрчиж, бусдын уран бүтээлийг хууль бусаар зөрчсөн гэж буруутгаад байгаа юм. Тэрээр 2005 онд анх хүмүүст хоорондоо файл солилцох нөхцлийг бүрдүүлсэн “Megauploаd” сайтыг байгуулжээ. Түүний хамсаатан Свен Эхтернахыг Германаас, эстони гаралтай 32 настай Андрус Номмыг Нидерландаас тус тус ижил зүйл ангиар буруутган бариад байна.

Харин Словакийн Юлиус Бенко гэгчийг эрэн сурвалжилж байна. Тэдний өмгөөлөгч “аливаа хэрэглэгч өөрийн тавьсан файлыг бусдад түгээхдээ өөрөө хариуцлагаа хүлээнэ. Хүсвэл хэрэглэгч өөрийн тавьсан файлыг сайтын админд хүсэлт гаргаснаар устгуулах, сэргээх бүх эрх нь нээлттэй” учир хулгай биш гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Anonymous
  

Хакерын Anonymous бүлэг харин интернет дэх эрх чөлөөг дэмжиж, мөн хаагдсан сайтын эздыг өмөөрч АНУ-ын засгийн газрын эсрэг удаа дараа кибер халдлага хийгээд байна. Тэдний сайтад мэдээлснээр хакердсан гэх 14 сайтын жагсаалт байгаагаас Цагаан ордон, АНУ-ын Шүүх яам, Холбооны мөрдөх товчоо, Америкийн төрийн албаны цахим хуудсууд, Бельги, Францын хууль сахиулах байгууллагууд, Америкийн дуу бичлэгийн Universal Music, Warner Music Group-ын цахим хуудсууд багтжээ. Үүнээс гадна Америкийн кино үйлдвэрлэгчдийн холбооны (MPAA) тэргүүн, сенатор Крис Доддын хувийн мэдээллийг олонд дэлгэжээ. Энэ бүхэн нь цахим ертөнцөд хийгдсэн хакерын хамгийн том ажиллагаа гэнэ.

SOPA гэж юу вэ?
 
Зохиогчийн эрх, тэр дундаа кино болон хөгжмийн ертөнцийнхний эрх ашгийг хамгаалсан Цахим сүлжээн дэх зохиогчийн эрхийн тухай хууль (SOPA) дэлхий нийтийг цочирдуулсан виртуал ертөнцийн үймээний гол буруутан.
 
Сонирхолтой нь SOPA, PIPA батлагдан, хэрэгжээд эхэлбэл Америкаас бусад орны сайт ажиллуулагчдад ихээхэн хүндрэл учруулна хэмээн Forbes сэтгүүлийн тоймч Ларри мэжид нийтлэлдээ онцолжээ. Дэлхийн нөгөө бөөрөнд батлагдах хууль бидэнд ямар хүртээлтэй юм бэ гэж үү? Үнэндээ хамгаас их хамаатай.
 
Дэлхийг хэрсэн интернэтийн сүлжээ бидэнд төдийгүй, дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчдэд хамаатай. түүнчлэн SOPA хууль ёсоор АНУд үйл ажиллагаа явуулдаг бүхий л интернэт түгээх үйлчилгээ үзүүлдэг компани болон, цахим сүлжээний сервер компаниуд үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэл бүрт нь хариуцлага хүлээх аж. Харамсалтай нь дэлхий өнцөг булан бүрт ашиглагдаж буй сая сая цахим хуудасны 67 хувь нь Америкийн Apache вэб хостинг компаниас эрхээ авдаг. Харин тус компани өнөөх цахим ертөнц дэх сайтуудын 67 хувийн өмнөөс хариуцлага хүлээх тул Америкт урт нэрт хууль хэрэгжээд эхэлбэл дэлхийн бүхий л улс орнуудад цахим ертөнцийн хяналт тогтоно гэсэн үг. Зөвхөн Apache төдийгүй ноёрхлоороо хоёр, гуравдугаарт жагсах Internet Information Services, Nginx, GWS зэрэг компаниуд ч АНУ-д үйл ажиллагаа эрхэлдэг аж. товчхондоо бол интернэт ертөнц бараг бүхэлдээ Америкийн мэдэлд байгаа гэсэн үг. Цахим сүлжээн дэх зохиогчийн эрхийн тухай хуулинд дуу хөгжим, кино төдийгүй, биет барааны зохиогчийн эрх ч яригдаж байгаа нь Америкаас бусад орны цахим худалдаа эрхлэгчдийг дампууруулж мэдэх гэнэ.
  
Учир нь цахим сүлжээгээр дамжуулан брэнд бүтээгдэхүүнүүдийг хуулбарласан хуурамч бараа борлуулсан тохиолдолд олон улсын карт ашиглах эрхийг нь хаах арга хэмжээ авах аж. Америкчууд батлаад бусад улс хохирно хэмээхийн учир тэр.
 

Холливуд Силикон Валлигийн эсрэг хийсэн дайны хохирогчид нь бид

 
Энтертайнмент ертөнцийнхөн болон мэдээлэл технологийн салбарын дунд булуу болсон хууль бол яах аргагүй SOPA. Tэдний тэмцэл бүр хуулийн төслийг хэлэлцэх талаар яригдаж эхлэх үед л дэгдэж. Холливудынхан оюуны өмчийг хамгаалах хуулийг дэмжиж байгаа илэрхийлээд зогсохгүй хуулийг батлахад нөлөөлөх компанит ажилд ханцуй шамлачихаж. Өнөөх оюуны өмч гэх халдашгүй зүйлийн ачаар л бүтээлээ дэлхий дахинд борлуулж, орлогоор нь мөрөөдлийн амьдралыг цогцлоож байгаа хүн хэдэн мянга байгаа учир тэгэхээс ч яах вэ. Tэд мөнгөний авдраа SOPA хэмээх өвөрмөц нохойгоор мануулах хүсэлтэй байгаа нь гарцаагүй.
 
Харин Google тэргүүтэй Силикон Валли дахь мэдээллийн технологийн компаниуд хэрэглэгчдэдээ хүссэн мэдээллийг нь өгөхийг чухалчилна. Ингээд л тэдний эрх ашиг зөрчилдөх нь тэр. Хурцадмал байдал ширүүсэж, жагсаал цуглааны хэмжээнд хүрээд буй өдрүүдэд Силикон Валли дахь компаниуд зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлыг хүндэтгэж байгаа гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөд тэд асуудлыг шийдвэрлэх өөр гарц бий гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг ч сануулаад байгаа аж.
 
Tехнологийн салбарын акулууд SOPA, PIPA зохиогчийн эрхийг хамгаалахаас гадна иргэдийн мэдээлэл авах, харилцах гээд мэдээллийн эрин дэх чухал хэрэгцээ болсон бусад эрхийг хязгаарлах эрсдэлтэй хэмээн эмээж байна.
 

Тэмцэл үр дүнд хүрсэн. Гэвч…

 
Бүтэн өдөр үйл ажиллагаагаа зогсоосны эцэст технологийн салбарынхан үр дүнд хүрсэн. Конгресс SOPA-г хэлэлцэх хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан. Wikipedia-ийн захиралын твиттер хуудсандаа бичсэнээр сенатчдын 35 нь PIPA-г эсэргүүцэж, 41 нь түдгэлзсэн байна. Энэ өдөр зөвхөн Wikipedia гэхэд л 162 сая хүнийг эсэргүүцэгчдийн эгнээнд нэгтгэсэн байна. Шоубизнесийнхэн урт нэрт хуулиудыг батлуулахын тулд хэдийнэ таван сая долларын хөрөнгө зарцуулаад байгаа бол эсэргүүцэгчдийн компанит ажил өрнүүлэх, иргэдэд ухуулах сурталчилгаа тараах ажилд зөвхөн Google дөрвөн сая доллар зарчихаад байгаа гэнэ. Гэсэн ч SOPA, PIPA-ийн асуудал ингээд дуусчихгүй гэж ажиглагчид үзэж байна.

Учир нь шоубизнесийн ертөнцийнхөн оюуны өмчөө хамгаалуулахаар тэмцлээ үргэлжлүүлсээр л байна. тэгэхээр одоо оюуны өмчийг хамгаалахын сацуу интернэтийн эрх чөлөөг хаагдуулахааргүй гарц олох нь хамгийн оновчтой сонголт болох нь.
 

АНУ-ын Конгресс, та биднийг сонсож байна уу?

Цэцэглэн хөгжиж буй мэдээлэл технологийн бизнес болон цахим хуудсуудад халгаатай IP хамгаалах хууль (PIPA), Цахим сүлжээн дэх зохиогчийн эрхийн тухай хууль (SOPA) хэмээх урт нэртэй хоёр ч хуулийн төслийг Конгресс хэлэлцэж байна. Цахим сүлжээнүүдийн үйл ажиллагаанд хатуу хяналт тавилгүйгээр зохиогчийн эрхийг зөрчих явдлыг зогсоох боломжтой хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй. Тиймээс SOPA болон PIPA хуулийн төслийн эсрэг байр суурьтай байгаа мэргэжилтнүүд болон америкийн бүхий л давхаргын иргэд дуу хоолойгоо нэгтгэж байна.

Эх сурвалж: www.toimsetguul.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж