Ерөнхийлөгч “Шинэ Дорноговь”-ийн явцтай танилцав

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Шинэ Дорноговь”-ийн явцтай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Замын-Үүд дэх томилолтоо өндөрлөж Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Сайншанд хотод ирэхэд тус аймгийн удирдлагууд болон цэргийн хүрээний хүндэт харуул угтан авав. 

Дорноговь аймгийн удирдлага, мөн орон нутгийн бүтээн байгуулалтад оролцож буй байгууллагуудын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа бүрэлдэхүүнд аймгийн ажил байдал, орон нутгийн бүтээн байгуулалтын тухай танилцуулга хийв.
 
Эхлээд аймгийн Засаг дарга П.Ганхуяг орон нутгийнхаа талаар ерөнхий танилцуулга хийлээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч манай аймагтай, ялангуяа хөгжлийн асуудалтай холбоотой яам, байгууллагуудын төлөөллийн хамтаар хүрэлцэн ирж ажиллаж байгаад аймгийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Дорноговь аймаг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотоос 456 км зайтай орших манай аймаг 60 гаруй мянган хүн амтай, 14 сумтай, Замын-Үүд, Ханги мандал хэмээх хилийн хоёр боомттой. Төмөр замын 421 км зам дайран өнгөрч байгаа. Мөн агаарын зам дайран өнгөрдөг. Ихэнх сум төвийн цахилгаан станцад холбогдсон. Салаа төмөр замууд бий. Авто зам 460 км. 134 км зам өнгөрсөн онд нээгдсэн. 1100 км хөндлөн төмөр зам байгуулах шийдвэр гарч газар шорооны ажил эхэлсэн. Таван толгойгоос Сайншанд хүртэл 400 гаруй км төмөр зам барьж байгаа.

 
Манай аймаг ихээхэн хэмжээний газрын баялагтай, цаашид эрчим хүчний эх үүсвэрийг сайжруулах зорилготой. Дорноговь аймагт “Шинэ Дорноговь” төслийг хэрэгжүүлж тодорхой амжилтад хүрч байна. 2009 онд 12000 байсан татвар төлөгчид өмнөх жилд 32000 хүртэл өслөө. 2001 онтой харьцуулахад орлого 2 дахин нэмэгдээд байна. Өнгөрсөн 2011 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 5.1 тэрбум төгрөг болж өссөн. Малын тоо ч өсч байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хувьд ажлын байр нэмэгдсэн. Лицензийн тоо 2008 онд 700 гаруй байсан бол одоо ашиглалтын лиценз 2010-2011 онд тогтвортой бөгөөд хайгуулын лицензийн тоог бууруулж чадсан. Уул уурхайн ашиглалтын нөхөн сэргээлт 63 хувьд хүрч өслөө. Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр өндөр өсөлттэй явж байгаа.
 
Бодлогын олон төсөл хөтөлбөрүүд тавигдсан бөгөөд Засгийн газраар батлуулсан ажлууд өнгөрсөн жилүүдэд өрнөлөө. Сайншандад “Үйлдвэрлэлийн цогцолбор” баригдана. Хөгжлийн төмөр замын ажил, судалгаа, газар, ул шорооны үйл ажиллагаа хийгдэж эхлээд байна. Аж үйлдвэрийн цогцолборт зориулж 3.512 га газрын координатыг аймгаас гаргаж өгсөн. Байгальд ээлтэй технологийг хөгжүүлэх ажил явагдаж байгаа” гэв.
 
Дараа нь “Монголын төмөр зам” төрийн өмчин хувьцаат компанийн захирал Б.Батзаяа “Шинэ төмөр зам” төслийн талаар танилцуулга хийв. Тэрээр, “Шинэ төмөр замын төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэдгийг онцлох нь зүйтэй юм. Шинэ төмөр зам Таван толгойн орд газраас урагш болон зүүн чиглэлд баригдаж, экспортын шинэ гарцуудыг бий болгосноор уул уурхай, төмөр замын салбар, өргөн утгаараа Монгол Улсын эдийн засагт бодит үр өгөөж авчрах ач холбогдол бүхий төсөл. Монгол Улсын Засгийн газар энэ төсөлд онцгой ач холбогдол өгч, төслийн зөвлөх багийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлийг дэмжиж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. МТЗ компани нь техник, санхүү, хууль эрх зүй болон удирдлагын чиглэлийн олон улсын зөвлөхүүдээс бүрдсэн багийн хамтаар төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд Шинэ төмөр замын үйл ажиллагааг 2015 онд эхлүүлэхээр ажиллаж байна.
 
МТЗ компани 2009 онд 13 сая төгрөг, 2010 онд 975 сая төгрөг, 2011 онд 2.2 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн. Гол ашгаа зүтгүүрийн түрээс, ачаа шилжүүлэн ачих байгууламжийн түрээсээс олдог. 2020 он гэхэд БНХАУ-ын зүүн хойд муж, Япон, Солонгос зэрэг улсуудад 120 сая тонн нүүрсний эрэлт бий болох тооцоог зөвлөх баг гаргасан. Төслийн нийт өртөг нь замын дагуух өртөө болон бусад дагалдах байгууламжуудын хамтаар 5.2 тэрбум ам.доллар болохоор байгаа. Төмөр замын нэгж км-ийг 2.5 сая америк доллараар босгохоор тооцож буй. Геодизи, геологи, байгаль орчны үнэлгээний ажлууд хийгдсэн. Шинжлэх ухааны археологийн хүрээлэн, палеонтлогийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа. Дэлхийд тэргүүлэх 12 компани энэ төсөлд оролцох саналаа ирүүлсэн байгаа” гэв.

 
Шинэ төмөр замын төсөл нь Таван толгой-Сайншандын чиглэлд 468 км,  Сайншанд-Хөөтийн чиглэлд 450 км,  Хөөт-Чойбалсангийн чиглэлд 155 км,  Хөөт-Нөмрөгийн чиглэлд 380 км, Таван толгой-Гашуунсухайтын чиглэлд 267 км,  Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км буюу 2 үе шаттай зүүн болон өмнө зүгт замналтай 1800 орчим км урттай төмөр замын сүлжээ байх юм  
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Уул уурхайн бүтээгдэхүүн, бараа солилцоо, 49 хувьд дотоод гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг ашиглаж болно гэсэн асуудлуудыг УИХ шийдэж өгсөн гэж ойлгож байгаа. Тарифын асуудлыг засгийн газар шийдэх ёстой гэж ойлгож байгаа. Энэ бүтээн байгуулалтад бид нэгдмэл ойлголттой байгаа” гэв.

 

 
Дараа нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороон захирал Ч.Хашчулуун “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хэрэгжилтийн явц, байдлын талаар танилцуулав.
 
Тэрээр, “Энэхүү аж үйлдвэрийн цогцолбор нь Эрдэнэт үйлдвэрээс хойш анх удаа үндэсний хэмжээний томоохон цогцолбор байгуулах төсөл болж байгаа бөгөөд 2011 оны улсын төсөвт хөрөнгө оруулалт нь тусгагдсан. Дэлхийд туршлагатай АНУ-ын “Бэктэл” олон улсын зөвлөх компанитай хамтран ажиллах гэрээ хийгдсэн. Төсөл хэрэгжих шатандаа явж байгаа. Нийтийн эдэлбэрийн зураг төсөл 6 сарын дотор хийгдэж дууссан. Ерөнхий зөвлөхөөс мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг олон хувилбараар хийж өгсөн. Хувийн компаниудын хийсэн ТЭЗҮ-ийг ашиглах боломжтой. Үндсэндээ “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”,“Нүүрс хийжүүлэх үйлдвэр”, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр” зэрэг олон төрлийн үйлдвэрийн нэгдсэн цогцолбор байгуулах зорилт тавсан. Төсөл амжилттай хэрэгжсэнээр 2019 он гэхэд сүүлийн үйлдвэр ашиглалтад орно гэж тооцож байгаа.
 
Цогцолбор ажиллагаанд орсноор 12 мянган ажлын байр шинээр бий болно. Уул уурхайд ажиллах хүмүүсийн тоо 68 мянгад хүрнэ. Инженер техникийн ажилтнуудыг нэмж бэлтгэх санал БСШУЯ-нд хүргүүлсэн байгаа. Тус цогцолборт 10 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өрсөлдөх чадварыг дэмжих үүднээс татвараас чөлөөлөх хэрэгцээ гарах байх гэж бодож байна” гэв.
 
Аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжсэнээр, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн төрөлжилт бий болох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахаас гадна гадаад зах зээлд нийлүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг, таатай нөлөө үзүүлэх, макро эдийн засгийн хэтийн зорилт биелэх, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, бүтэц сайжирах, ажлын байр нэмэгдэж төвлөрөл саарах, хүн амын бодит орлого нэмэгдэж, ядуурал буурах гэх мэт өндөр ач холбогдолтой болохыг тэрээр илтгэлдээ онцолсон бөгөөд үүний тулд аж үйлдвэрийг төрөөс санхүүгийн аргаар дэмжих хуулийн төсөл хэрэгтэй байгааг Ерөнхийлөгчид санал болгов.  
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Ашиглалтын өмнөх захиргаа гэдэг шиг томоохон хөрөнгө оруулалтыг хэн, хэрхэн татах вэ? Цаашид ҮХШХ энэ төслийг авч явах уу? ямар бүтэц байгуулах вэ?” хэмээн асуухад, ҮХШХ-ны тэргүүн Ч.Хашчулуун: “Манай дотоодын бизнесийн том компаниуд хамтраад энэ ажлыг эхлүүлнэ гэж найдаж байгаа” гэлээ.

 
Монгол Улсын Ерөнхийлөгч цааш өгүүлэхдээ, “Дорноговийн иргэд Та бүхэн  Дорноговьд төрсөн нь ямар сайхан хэрэг вэ гэж бодож байгаа байх. Орон нутагтаа байгаа хүмүүс ч гэсэн ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ ажлыг тасралтгүй явуулах хэрэгтэй. Субьектив хүчин зүйлээс болоод том ажил зогсчих гээд байдаг тал бий. Түүнээс зайлсхийж улс төржилт, хувийн эрх ашгаас энэ асуудлыг дээгүүр тавих ёстой. Түүхийгээр гаргаж байгаа төмрөөс татвар авах хэрэгтэй.  Мөн усны асуудал байна. Таван толгойд хэрэглэсэн усныхаа 95 хувийг нь дахин ашиглаж байна. Цаашид 98 хувьд хүргэнэ гэж байсан. Ийм байдлаар бид усаа дахин дахин гамнаж ашиглах хэрэгтэй. Улаанбаатарт хэрэглэсэн “саарал ус”-ыг  ийш нь татаад ашиглаж ч болох.   
 
Цаашид олборлодог, боловсруулдаг субьект нэг байх ёсгүй. Эрдэнэт гэдэг нэг том цэсийн үйлдвэрийн тухай ярьдаг. Харин Дорноговийн энэ аж үйлдвэрийн цогцолбор бол маш олон үйлдвэрийг багтаасан Монголын анхны аж үйлдвэрийн цогцолбор болно. 230 км яваад л гадаад зах зээлд гарч байгаа гарц. Зах зээлд гарах гарцыг далайд гарах гарц гэж ойлгож болно. Эндээс Чойр ортол 230км, Чойроос Улаанбаатар хүртэл 240км. Энэ байршил бол чухамдаа “алтан байршил” юм. Энэ байршил дээр эргэлзээд байх ёсгүй. Энэ бол хамтарсан засгийн газрын үед гарсан хамгийн том шийдэл.
 
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, Монгол Улс хуурай газрын боомт болох хэрэгтэй. Монгол Улсаар дамжиж ачаа тээврийн болон иргэний нислэг үйлдэх нь бодитойгоор 5-аас 6 цагийн нислэг хэмнэнэ. Говийн салхи, нарны сэргээгдэх эрчим хүчээр өнөөдрийн хүн төрөлхтөний эрчим хүчний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэж Япончууд тооцоо гаргасан. Хойч үеийнхэн өнөөдрийн бүтээн байгуулалтын түүчээг зөв аваад явна гэдэгт бид итгэж байна. Өнөөдөр би Замын-Үүдэд ажилласан. Замын-Үүд бол өмнөд хөршийн эдийн засгийн маш том далайтай хамтран ажиллах чухал гарц болох ёстой.
 
Миний бие Ерөнхийлөгчийн хувьд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Энд ажиллаж байгаа хүмүүсийг ч дэмжих хэрэгтэй” гэв.
 
Дараа нь  Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлага ажил байдлаа танилцуулав. 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тус төв 840 гаруй суралцагчидтай, 40 гаруй багш, ажиллагсадтай 14 чиглэлээр мэргэжлийн сургалт явуулж байна. “Боловсролын хөгжлийн хөтөлбөр 3” төслийн хүрээнд нэг тэрбум төгрөг зарцуулагдаж бүрэн шинэчлэгдсэн. Мянганы сорилтын сангийн төслөөр шинээр таван төрлийн мэргэжил нэмэгдсэн.
 
Дорноговь аймаг аж үйлдвэрийн цогцолбор хот болох ойрын ирээдүйн бэлтгэл болгож тус МСҮТ нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, сургалтын орчноор бүрэн хангагдаад буй юм.
 
Үүний дараа Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Энхжаргал “Хөгжлийн төв – Дорноговь” танилцуулга хийсэн бөгөөд тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалт мөн цаашид шийдвэрлэх тулгамдсан асуудлуудын талаар танилцуулав. Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын барилгын ажлыг түргэтгэхэд хамтран ажиллах, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлын явцыг түргэтгэх, Зүүнбаянгийн газрын тосны ордыг түшиглэн Нефть боловсруулах үйлдвэр байгуулахад хамтран ажиллах, уул уурхайн хайгуул олборлолтын лицензийг олгоход орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, Хэрлэн–Говь төслийг хэрэгжүүлж эхлэхэд хамтран ажиллах, Дорноговь аймгийн төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай засвар үйлчилгээ, шугам шинэчлэлтийн 3,0 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, Дорноговь аймгийн бизнес эрхлэгчдэд зориулсан Бизнес инкубатор төвийг байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Хатанбулаг, Мандах сумдыг төвлөрсөн цахилгааны шугам сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, Уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрсөн замаар тээвэрлэж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоож, автозамын нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд тээвэрлэлт хийлгэх асуудлыг хамтран шийдвэрлэх, Хар тойромын аэродромыг түшиглэн нисэх онгоцны буудал байгуулахад хамтран ажиллах зэрэг ажлууд тулгамдаад байгааг Э.Энхжаргал дарга онцолж байв.  
 
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Энд хамгийн зөв сонсогдож байгаа зүйл бол “ИЖ БҮРДЭЛ” юм. Жишээ нь Өмнөговийн Ханбогд суман дээр Оюутолгой үйлдвэрийн ажилчдын хувцсыг хийдэг оёдлын цех нээгдсэн байна. Мөн Оюутолгойд жилдээ гурван тэрбум төгрөгийн модон эдлэл нийлүүлэхээр гэрээ байгуулчихсан хувь хүн хүртэл байна. Хүний хэрэгцээ байнга нэмэгдэж байдаг учраас энэ бүх ажлыг урьдчилан харж зохион байгуулах нь зөв. Барилгын компаниуд нийлээд консорциум байгуулж байгаа нь сайн хэрэг. Төрөөс газрыг нь үнэгүй өгөөд, дэд бүтцийг нь хийгээд өгвөл “авлигагүй” авсан газар дээрээ барилга бариад тэрэн дотор нь сайн зочид буудал, ресторан байгуулж ч болно.
 
Энэ аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах хүрээнд газар зохион байгуулалтын асуудлаа хурдан шийдэх ёстой. Бүтээн байгуулалт хийгдээд эхлэлээр янз бүрийн “эвэртэй, туурайтай” албан тушаалтай хүмүүс хүрч ирээд “шахаа” хийх гэж оролдоно. Энд бүх зүйл нээлттэй байх ёстой. Сайны хажуугаар саар гэгчээр гарч болох эрсдлүүдийг байнга тооцож ажиллаарай” гэлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж