АОХН-ийн Удирдах зөвлөл Женевт цугларав

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

АОХН-ийн Удирдах зөвлөл Женевт цугларав

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал АОХН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн орнуудын Женев дэх элчин сайд нартай хоёрдугаар сарын 2-нд буюу өнгөрөгч пүрэв гаригт албан бус уулзалт хийж,  АОХН-ийн дарга орны хувьд Монгол Улсын явуулж буй үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. С.Бадрал Женев дэх НҮБ-ын салбар байгууллагууд, түүний дотор Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд хамтран ажиллах боломж, арга замыг эрэлхийлж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Женев хотноо ирэх гуравдугаар сарын 1-нд болох Удирдах зөвлөлийн III хуралдааны бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа.

Монгол Улс АОХН-ийн үйл ажиллагааг НҮБ-ын хүрээнд идэвхжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын 66 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ардчиллын бүлгийн сайд нарын албан бус уулзалтыг 2011 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо зохион байгуулсан. Женевт  мөн Ардчиллын бүлэг байгуулах, АОХН-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ удаагийн уулзалтад Удирдах зөвлөлийн гишүүн орнуудын элчин сайд, байнгын төлөөлөгч, бусад төлөөлөл оролцож, АОХН-ийн дарга орны зүгээс ийнхүү Женевт төвтэй НҮБ-ын байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж, хүч чармайлт тавьж байгаад талархахын зэрэгцээ үйл ажиллагааны чиглэлээр санал, зөвлөмж гаргаж, бүх талаар дэмжихээ илэрхийлж байв. 

Мөн өдөр С.Бадрал НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн дарга, Уругвайн Элчин сайд Лаура Лассэл, ХЭЗ-ийн орлогч дарга, Австрийн Элчин сайд Кристиан Строхал нартай уулзаж, АОХН-ийн үйл ажиллагааг Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд өрнүүлэхэд анхаарах зүйл, төвлөрч ажиллах сэдвүүдийн талаар санал солилцов.  

Уулзалтад Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын Элчин зөвлөх Г.Жаргалсайхан байлцав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж