Хэлэлцүүлгийн явцад гишүүн Д.Даваасүрэн “Сүүлийн үед хүний эрх зөрчигдөх явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр таван хүний амь үрэгдчихээд байхад төр одоо болтол буруутныг олж тогтоож чадахгүй байна. Ер нь хүний эрхийн асуудалд УИХ анхаарах ёстой. Улстөржих болохоор энэ асуудлыг гаргаж ирдэг. Бусад үед дуугардаггүй.
Оюутолгойд хоёр хүний амь эрсэдсэн тухай яригдаад эхэллээ. БНХАУ-ын Өвөрмонголд нэг иргэн машинд дайруулахад ард иргэд нь тэмцэж чадсан. Гэтэл тусгаар Монгол Улсад хүний амь эрсэдчихээд байхад төр иргэнээ хамгаалж чаддаггүй. Ингээд ирэхээр ард түмэн хуулийн өмнө мөнгөтэй хүн л өөр байдаг юм байна гэсэн асуудлыг тавьж байна. Холбогдох байгууллагуудад УИХ-аас хатуу чиглэл өгөх ёстой. Бид иргэнээ хамгаалах хэрэгтэй. Хүний эрхийн асуудалд тунхаг байдлаар бус ажил хэрэгч байдлаар хандах цаг болжээ. Оюутолгойд хоёр хүний амь эрсэдсэн гэдэг нь үнэн үү” гэж байв. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр “Төрийн гурван өндөрлөг, Хууль зүйн байнгын хороонд цагдаагийн байгууллагаас мэдээлэл ирдэг. Оюутолгойд хүн нас барсан тухай мэдээ хараахан ирээгүй. Тодруулаад эргээд мэдэгдье” гэсэн хариуг түүнд өгсөн юм.
УИХ-ын гишүүн Д.Даваасүрэн “Хэрэв мэдээллийг нуун дагагдуулсан бол тухайн хүмүүстэй нь хариуцлага тооцох ёстой. Тийм учраас энэ асуудлыг яаралтай тодруулан шийдэж өгнө үү” хэмээн хүслээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.