ОХУ-ын тамирчид Лондонгийн олимпийн наадмаас алтан медаль хүртвэл дөрвөн сая рублийн урамшуулал хүртэх тухай “ИТАР-ТАСС” мэдээлэв. Тус улсын Засгийн газраас нэгдүгээр сарын 26-нд баталсан тогтоолоор олимпрд амжилт гаргасан тамирчдыг шагнан урамшуулах мөнгөн дүнг тодорхойлсон байна. Харин олимпийн мөнгөн медальтан 2,5 сая рубль хүртэх болон хүрэл медалийн эздэд 1,7 сая рублийн урамшуулал олгохоор тусгажээ.
Мөн паралимпийн наадамд амжилт гарган, медаль авсан тамирчид дээрх хэмжээний урамшууллаар шагнуулна. Түүнчлэн тамирчдаа амжилтад хүргэсэн дасгалжуулагч болон шигшээ багийн мэргэжилтэн мөнгөн шагнал авахаар тогтоолд тусгажээ. Шагналын хэмжээг Спорт, жуулчлалын яам, ОХУ-ын Олимпийн, Паралимпийн хороо болон Сангийн яамнаас зөвшилцөн тодорхойлох юм.
Н.Тунгалаг