Хариуцлагагүй байдлаа таслан зогсоохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

Хариуцлагагүй байдлаа таслан зогсоохыг шаардав

Ойрын хугацаанд эдийн засгийн байдал тогтворгүй болж, Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш сулран бензин шатахууны үнэ өсч, хүйтний эрч чангарч буй нь олон түмнийг ихээр бухимдуулж байна. Энэ цаг үед шинээр бүрдсэн Засгийн газар богино хугацаанд шуурхай арга хэмжээ авахын оронд байнгын ажиллагаатай Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагааг бүтэн өдрөөр тасалдуулж намын бага хурлаа хуралдуулж байгаа нь хэдийгээр тус намын дотоод асуудал мэт боловч УИХ-д олонх болж Засгийн газраа бүрдүүлсэн улс төрийн хүчний хувьд туйлын хариуцлагагүй алхам боллоо.

Учир иймд хариуцлагагүй байдлаа таслан зогсоож, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж буй бензин шатахуун, махны үнийг нэн даруй буулгаж, буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна.

Мөн 2008 оны сонгуулиар МАН-ын үйлдсэн булхай, луйврыг эсэргүүцэж иргэд сонгогчид дургүйцлээ илэрхийлэх үеэр 5 хүний эрдэнэт аминд хүрч, олон хүнийг хууль бусаар хорьж, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн нь Монгол Улсын түүхэнд том хар толбо болон үлдсэн.

Ард иргэдийн сонголтыг хүндэтгэн үзэж төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох үйл явцыг дахин будлиан зөрчил гаргахгүйгээр шударга явуулах зорилгоор өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулийн хууль, Улсын бүртгэлийн хуулиудыг шинэчлэн баталж, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага улс төрөөс ангид байх зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулахуйц иргэний бүртгэлийн шинэчлэлийг амжилттай гүйцэтгэсэн.

Гэтэл МАН Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах гээд бүтэлгүйтснийхээ дараа түүний зөвлөх МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Амарсанааг Улсын бүртгэлийн газрын удирдлагаар яаран сандран Төрийн албаны хууль зөрчин шууд томилж байгаа нь Ардын Нам Монгол Улсын Засгийн газрыг сонгуулийн штаб болгон сонгуулийг будлиантуулах ээлжит оролдлогоо хийж байна гэж үзэж эрс эсэргүүцэж байна.

Иймд төрийн албыг улс төрөөс ангид байлгаж нийт ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн ажиллахыг МАН-аас шаардаж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж