Гэгээн цагаан өдрөөр буу барин, бусдын амь насанд халдахыг оролдсон этгээдийг н.Бат-Ялалт гэдэг бөгөөд 26 настай энэ залуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай иргэн аж. Бусдыг галт зэвсэг хэрэглэн, бэртээж гэмтээсэн н.Бат-Ялалтыг хэргийн газраас зугтааж, Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт жалганд нуугдсан байхад нь баривчилсан байна. Гэмт этгээд Мөрдөн байцаалтын явцад өгсөн анхны мэдүүлэгтээ “Хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөж, Налайх дүүрэг рүү такси хөлсөлж явсан. Өмнөх өдөр буюу өчигдөр буугаа бэлдсэн” хэмээн хэргээ хүлээжээ.
Хохирогчдын ар гэрийнхний өгсөн мэдээллээр бол буутай этгээд “Сурвалжлагч байна” хэмээн тус салбарын захирлын өрөө байрладаг хоёрдугаар давхарт нэвтэрсэн байна. Өчигдөр үдээс хойш хэргийн газарт шинжилгээ хийсний дараа дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд “Галт зэвсэг хэрэглэж, хүн буудсан этгээдийг шуурхай баривчилж, харьяаллын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байгаа. Гэмт этгээд хэргийн газраас зугтаахдаа такси барьцаалж, жолоочид нь буу тулган сүрдүүлсэн байна.