Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдүгээр сарын 3-ны үдээс өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Эхлээд эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд очиж “Замын-Үүд” чөлөөт бүсийн танилцуулгыг сонсов.
Одоогоор тус бүсэд төсвийн 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хашаа, харуулын байр, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВА-гийн трансформаторын дэд станц, Замын-Үүд боомтоос бүсийн талбай хүртэлх нэгдүгээр зэрэглэлийн 6 эгнээ бүхий 2 урсгалтай 1,2 км авто зам, авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай пүү, хөрсний инженер геологийн болон хот төлөвлөлтийн тойм судалгаа, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны хайгуул, усан хангамжийн судалгаа хийгээд байгаа ажээ.
Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаар тогтоолоор “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд энэхүү төслийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, Замын-Үүд сумын дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсний дагуу төслийн хамрах хүрээг өргөжүүлж “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” болгон техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулсан байна.
Дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын байгууламж, авто замын холбоонд нийт 58.8 сая долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд дөрөвдүгээр сараас төслөө хэрэгжүүлж эхэлнэ, 2014 оны долдугаар сард үндсэндээ дуусна гэж танилцуулсан юм.
Гаднаас орж ирэх 50 сая долларын зээлээр ус, цахилгаан, дулаан, ариутгалын байгууламжийг нь бий болгож байж, энэ Замын –Үүдийн хөгжил ерөнхийдөө босч ирнэ. Хөрөнгө, барьж байгуулах аж ахуйн нэгжүүд нь шийдэгдсэн учраас 2014 оны долдугаар сар гэхэд суурь дэд бүтэц нь бүрдэж, ингэснээр аяндаа үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа орж ирэх боломжтой болно. Замын –Үүдийн чөлөөт бүс бол шүүмжлэл, цуу яриа, мөрөөдөл биш, бодит ажил болох чиглэл рүү гээ явж байна. Гэхдээ дахиад 40 сая доллар бусад дэд бүтцийг бий болгоход хэрэгтэй. Үүнийг гадны зээлээр бас зохицуулах боломж бий юм байна. Нэг үеэ бодвол урагшилсан байна. Энэ бол сайн хэрэг. Үүнийг үзэж энэ ажилд дэмжлэг үзүүлэх, олон байгууллагын ажиллагааг уялдуулах гэж л энд ирсэн юм гэж Ерөнхийлөгч хэллээ.
Дараа нь Засаг даргын Тамгын газарт сумын болон Төмөр замын нэгдсэн өртөө, Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Шалган нэвтрүүлэх алба, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Дорноговь аймаг дахь албаны ажил байдал, тулгамдсан асуудлуудын талаарх танилцуулгыг сонсон олон зүйлийг тодруулан лавлаж байв.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид Замын- Үүдийг өртөө гэж төсөөлж ирсэн. Өртөөндөө бүх зүйл нь түшиглэсэн байсан. Гэтэл одоо 20 гаруй мянган хүнтэй, хажуудаа чөлөөт бүстэй хот маягийн суурин болох гэж байна. Урд хөрш маань хамт хөгжье гэж байгаа. Одоо Замын-Үүд тэр хамтдаа хөгжих замд татагдан орж байна гэж би ойлгож байна. Газар олголтод ил тод, тодорхой зарчмаар ажиллахгүй бол маргаан, хүндрэл үүснэ. Мөн усыг эргүүлж ашиглахад анхаарах хэрэгтэй. Хорин мянган хүнтэй хотыг хорин жил хангах усны нөөцтэй гэж ярилаа. Саяхан Өмнөговийн Таван толгойд очиход хэрэглэсэн усныхаа 95 хувийг эргүүлэн ашиглаж байна. Бүр 98 хувьд хүргэж болно гэж байна. Тэгэхээр энэ говь газрынхан та бүхэн хэрэглэсэн усныхаа дахин ашиглалтын хувийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хилийн цаахна салхин сэнс харагдаж байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж энд буйг харуулж байна. Гадныхан ч манай говийн салхи, нар хоёрыг ашиглаад бараг өмнөд хөршийг хангах хэмжээний эрчим хүч гаргах боломжтой гээд судалгаа гаргасан байдаг. Зөвшөөрлийг нь яамны хүмүүс аж ахуйн нэгжүүдэд өгч эхлэлийг нь тавих хэрэгтэй. Замын-Үүдийг 1949 оны гэрээгээр нийгэмлэгийн газар гэж үздэг юм байна. Тэгэхлээр газрын асуудлыг шийдэх хэрэгтэй. Төмөр замд баярлалаа л гэхээс өөр хэлэх үг алга. Өртөө нь өртөөгөөрөө, сум нь сумаараа байя гэж буй юм байна. Хилийн боомтоор хятадын тал найман урсгал нэвтрүүлж, манайх хоёр урсгалаар хүлээн авч буй гэж бий сонссон. Энэ үнэн юм байна. Үүнийг хөрөнгийг нь төсөвт суулган хурдан шийдэх нь чухал. Энэ л түгжрэл үүсгэж байгаа шүү дээ. Шалгаж буй хүнээсээ биш, дэд бүтцээсээ болж хүндрэл үүсч байна. Гааль, мэргэжлийн хяналтынхан хүнсний аюулгүй байдал, чанарт анхаарах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэв.