Ерөнхийлөгч Замын-Үүдийн иргэдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Замын-Үүдийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүдийн иргэдтэй уулзлаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх аймгаар явж, ард иргэдтэйгээ уулзана гэсэн зорилго тавьсан юм. Дорноговь, Говьсүмбэр хоёр үлдсэн байсан. Дорноговиор ирэхдээ Замын-Үүдээр орохгүй байж болохгүй гэж үзсэн. Ерөнхийлөгч ийм зүйл хийж байгаа гээд олон зүйл ярьж болох ч Замын-Үүд дээрээ тогтож ярих зөв гэж бодож байна.  

Анх төмөр замын өртөө гэж байгуулагдсан энэ газар одоо явуулын хүмүүсээ оруулаад 20-иод мянган хүнтэй хот болжээ. Гэвч бүх зүйл нь өртөө гэсэн утгаар төлөвлөгдсөн байдаг. 2010 онд л Замын-Үүдийн ерөнхий төлөвлөгөө батлагдлаа шүү дээ. Арваад жилийн өмнөөс чөлөөт бүсийн тухай ярьсан. Гурван жилийн өмнөөс хашаа барьж, одоо л нэг хөдөлгөөнд орж байна. Нэг сайн мэдээ гэвэл усны хайгуулын мөнгө хөрөнгө шийдэгдсэн. Урд хөршийн зээлээр энэ усны асуудлыг 30 мянган хүнтэй байхад хүрэлцэхээр бодож зохицуулж байгаа. Энд чөлөөт бүс бас орно. Дээр нь дулаан, цахилгаан, цэвэрлэх байгууламжийн асуудлын хөрөнгө мөнгийг шийдсэн. 2014 оны долдугаар сар гэхэд дээрх 60-аад тэрбум төгрөгийн байгууламжууд баригдаж дуусна. Дахиад бусад дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 40 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа.

Үүнээс гадна энд ажиллаж байгаа төрийн байгууллага, агентлагуудын удирдлага сая асуудал бэрхшээлээ танилцууллаа. Хамгийн гол нь хилийн боомтын нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх асуудал байна. Хятадаас 8 урсгалаар ирж байгаа зүйлийг манайх 2 урсгалаар хүлээн авч байна. Энэ нь эдийн засагт ч эргээд муугаар нөлөөлдөг. Хоёр гурван жилийн өмнө цемент энд хилийн боомт дээр саатаж хүндрэл бэрхшээл үүсч байсныг санаж буй биз ээ. Хил, гаалийн байгууллагынхан үүнээс болж өдөрт 10-14 цаг ажиллахад хүрч байна. Иймээс хоёр урсгалаа найм болгох хэрэгтэй юм. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудал гарч ирж байна. Төмөр зам энэ бүх ачааг нуруундаа үүрч явсан байна. Одоо төр хөрөнгө оруулан өргөжүүлж, хариуцах болж байна. Өнөөдөр Замын-Үүдийн амьдрал сайхан болох зүг рүүгээ явж байна. Маш том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлж байна.

Энд байгаа олон байгууллагын хоорондын ажлын уялдааг бий болгох шаардлага бий болжээ. Ажиллаж буй хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой олон бэрхшээл байна. Цагаан сар удахгүй болно. Өөрийн орны бүтээгдэхүүнийг авч шинэлэх хэрэгтэй. Монгол хүний хийсэн бүтээгдэхүүнийг ав л даа. Ингэж байж бид ажлын байр бий болгоно гэж Ерөнхийлөгч хэлээд иргэдийн саналыг сонсч, сонирхсон асуултуудад хариулья гэлээ.

Соёл, ёслол, хүндэтгэлийн цогцолбор барихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ үү. Монголын нүүрс, төмрийн хүдрийг зөөгөөд дуусах нь, 50 жилийн дараа бид яаж амьдрах юм бэ? Замын-Үүд хүртэлх босоо тэнхлэгийн замыг барих асуудлыг шийдэж өгөөчээ. УИХ-ын гишүүд сайд болохыг эсэргүүцэж байна, тэд хуулиа батлаад явж байх нь зохистой. Баян, ядуугийн ялгаа эрс ихэслээ, энэ нь засаглалын буруугаас болж байна. Нүүрсний их нөөцтэй улсын хувьд түүнийгээ ашиглаад шатахуун үйлдвэрлэвэл яасан юм бэ? Японы тусламжаар баригдсан 60 айлын сууцыг суугчдад нь хувьчилж өгч болохгүй юу? Чөлөөт бүсийн ажил явахгүй байна. Төрийн албан хаагчид ардаа алагчлахыг таслан зогсоохыг та  анхааруулсан, төрийн албыг өөрийн алба болсныг бас хэлсэн. Энэ хэлсэн үгийнхээ хэрэгжилтэд анхаармаар байна. Төмөр зам, хил, хяналтын байгууллагууд ачааллаа даахаа болилоо. Хүмүүсийг орон сууцаар хангамаар байна. Тэгвэл залуучууд тогтвор суурьшилтай ажиллана шүү дээ. Уул уурхайн лицензийг жижиг ордуудад олгомооргүй байна. Ингэхгүй бол арван тонн алт олборлоод 100 тонн алт зараад ч сэргээж чадахааргүй болж, олон гол горхи ширгэж байна. Хүүхэд маань гадаадад эмчлүүлэх шаардлагатай байна мөнгөөр туслаачээ. Хүүхэд маань онц сурдаг, японы их сургуульд суралцах урилга авсан. Засгийн газрын тэтгэлгээр сургаж өгөөчээ. Суманд маань номын сантай болгож өгнө үү. Таны “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг манай сумын залуучууд дэмжиж байгаа шүү. Энэ мэт олон асуулт иргэд тавьж,  саналаа хэлж, Ерөнхийлөгч хариулж, бас байр сууриа илэрхийллээ.


Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж