Бууны сум банкны захирлын өрөөний цонхоор нэвт гарсан байлаа. Гэмт этгээд банкны салбарын захирал бүсгүйн нөхөр гэх хүний хэвлийн тус газарт нь буудсан бөгөөд их хэмжээний цус алдсан тул дүүргийн нэгдсэн эмнэлгийнхан тусламж үзүүлэхээр авч явсан байв. Гэмт этгээд ийн гэм зэмгүй хүмүүст халдах үед өөр нэг эмэгтэй гартаа гэмтэл авчээ. Түүний эрхий хурууг буудсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм.
Биднийг Налайхад очоод удаагүй байрхад буудуулсан эрэгтэйд яаралтай мэс засал хийхээр Цэргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар нийслэлээс ирээд байлаа. Хохирогчийн биеийн байдлын талаар Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайхан “Сум хэвлийг нэвт гарсан учир бие нь их хүнд байна. Өрөөсөн бөөрийг нь авсан. Бусад эд эрхтэндээ нөлөөлж байгаа учир хүндрэлтэй байгаа. Бид бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Нарийн мэргэжлийн таван эмч ажиллаж байна” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм. Эх сурвалжийн мэдээлснээр буудуулсан эрэгтэйд яаралтай хагалгаа хийсэн ч үдийн 17.00 цаг өнгөрч байхад дуусаагүй байв.
Хохирогчдын ар гэрийнхний өгсөн мэдээллээр бол буутай этгээд “Сурвалжлагч байна” хэмээн тус салбарын захирлын өрөө байрладаг хоёрдугаар давхарт нэвтэрсэн байна. Үдээс хойш хэргийн газарт шинжилгээ хийсний дараа дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд “Галт зэвсэг хэрэглэж, хүн буудсан этгээдийг шуурхай баривчилж, харьяаллын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байгаа. Гэмт этгээд хэргийн газраас зугтаахдаа такси барьцаалж, жолоочид нь буу тулган сүрдүүлсэн байна.
Гэгээн цагаан өдрөөр буу барин, бусдын амь насанд халдахыг оролдсон этгээдийг н.Бат-Ялалт гэдэг бөгөөд 26 настай энэ залуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай иргэн аж. Бусдыг галт зэвсэг хэрэглэн, бэртээж гэмтээсэн н.Бат-Ялалтыг хэргийн газраас зугтааж, Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт жалганд нуугдсан байхад нь баривчилсан байна. Гэмт этгээд Мөрдөн байцаалтын явцад өгсөн анхны мэдүүлэгтээ “Хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөж, Налайх дүүрэг рүү такси хөлсөлж явсан. Өмнөх өдөр буюу өчигдөр буугаа бэлдсэн” хэмээн хэргээ хүлээжээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.