Уулзалтын үеэр “BPI” буюу Бизнесийг дэмжих санаачилга төслийн зөвлөх Барри Иванс “Компанийн зүй ёсны зорилго бол бүтээгдэхүүнийг эргүүлэх бус хэрэглэгчдээ эргүүлэн татах. Ингэхийн тулд үйлдвэрлэлийн, тээвэрлэлтийн үед гардаг аливаа хохирлыг эртнээс таамаглаж, тухайн шатанд нь зогсоон, алдааг засах хэрэгтэй байдаг. Үүнд мэдээж гүйцэтгэх ажилтан удирдлагатайгаа нягт холбоотой байж, аливаа асуудлыг даруй шийдвэрлэдэг байх ёстой. Ингэж чадсанаараа хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн очиж, хэрэгцээг нь хангаж чадна” гэдгийг онцлов.
“Чанар гэж юу вэ?”…Үүнийг “BPI” буюу Бизнесийг дэмжих санаачилга төслийн зөвлөх Барри Иванс “Чанар бол үнэгүй” гэдгээр тодорхойлсон юм. Энэ нь ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн болоод тээвэрлэлтийн үед чанарын шаардлага хангаагүй байхад хэрэглэгчийн гар дээр очсоноор аль аль талдаа алдагдалтайгаар үнэ төлсөн хэрэг болох учраас ийнхүү хэллээ. Өөрөөр хэлбэл чанар гэдэг бол хэрэглэгчийн, үйлдвэрлэгчийн талаас алдагдалгүй, хоёр талын хэрэгцээг хангасан байх. Ингэж чадахгүй бол хэрэглэгчийн талаас хэрэггүй чанаргүй бүтээгдэхүүнийг хий дэмий, үнэ төлж худалдаж авсан болно. Харин үйлдвэрлэгчийн талаас ашиг олох боломж хаагдсанаар мөн дэмий үнэ өртөг төлсөн болох ажээ. Тэгэхээр чанаргүй бараа “үнэтэй” болж таарах нь.
Түүнчлэн монголд MNS стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн, компаниуд дийлэнх байгаа гэнэ. Энэхүү MNS стандарт нь зөвхөн монголд хамаарах зэрэглэлтэй бөгөөд олон улсын чанарын шаардлагыг хангах стандарт бол MNS гэсэн тэмдэглэгээгүй ISO гэсэн зэрэглэл байдаг аж. Монголд олон улсын чанарын шаардлагыг хангасан гурван компани байдаг гэнэ. Бусад компаниудын хувьд үндсэндээ олон улсад гарах зах зээлийн хувьд хумигдмал байх ба энэ нь гадаадад гаргахын тулд явуулж буй бүхий л худалдааны ажиллагаанд алдагдал авчрах тухай онцоллоо.