Дэлхийн хэмжээнд бизнесийн дээд боловсролын байгууллагуудын сургалтын чанарт үнэлгээ, дүгнэлт өгдөг ACBSP /Accreditation Council for Business Schools and Programs/ буюу Бизнесийн сургууль хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлөөс Монголын их, дээд сургуулиудын дундаас СЭЗДС-ийг онцлон, сургалт, үйл ажиллагаа нь стандарт, шаардлага хангаж байгаа тул үнэлгээний тайланг нь албан ёсоор хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна.
СЭЗДС-ийн өөрийн үнэлгээний тайланг Магадлан итгэмжлэх зөвлөл хүлээн авсан нь тус сургуулийн сургалтын чанар, төгсөгчдийн мэргэжил, мэдлэг, багш нарын ур чадвар, хөдөлмөр, дэмжин туслах үйлчилгээг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч эхэллээ гэсэн үг юм байна. СЭЗДС үйл ажиллагаагаа гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургууль, коллежийн төвшинтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хөгжүүлж, хэвшүүлж чадсан, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй сайжруулж буйг түүгээр нотлон магадласан аж.
Олон улсад магадлан итгэмжлэгдсэнээрээ СЭЗДС-ийн гадаад хэл эзэмшсэн оюутан, магистрантууд дэлхийн аль ч улсын их сургууль, коллежид суралцах, солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ. Мөн СЭЗДС-ийн төгсөгчдийн эзэмшсэн мэргэжил, дипломыг гадаадын аль ч орны компани, бизнес, сургалтын байгууллагууд хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн суралцахад ч асуудалгүй болох юм.
СЭЗДС-ийн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх магадлан итгэмжлэлийн батламжийг ирэх зургадугаар сарын 17-нд АНУ-ын Балтимор хотноо, БСХМИЗ (ACBSP)-ийн жилийн тайлангийн хурал дээр гардуулахаар болжээ.
Ийнхүү СЭЗДС эх орондоо дэлхийн төвшинд хүрсэн чанартай дээд боловсрол эзэмших бололцоог оюутнууддаа бүрдүүлж чадсанаа нотлов.