АН-д “Шонхор” фракц төрлөө

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

АН-д “Шонхор” фракц төрлөө

Төрийн ордонд анхдугаар чуулганаа хийсэн Ардчилсан хүчний холбооны арга хэмжээ өндөрлөлөө. Чуулганы хаалтын өмнө Ардчилсан хүчний холбооны харьяалалтай УИХ-ын гишүүд АН дотор “Шонхор” фракцийг албан ёсоор байгуулахаар болсноо зарлалаа. УИХ-ын гишүүн З.Энхболд тус холбооны тэргүүн бол С.Эрдэнэ дэд тэргүүн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Одхүү, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Х.Баттулга нар Ардчилсан хүчний холбооны чуулганд оролцсон юм. “Шонхор” фракц байгуулах болсон талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцууллаа.

Түүний тайлбарласнаар барууны орнуудын улс төрийн онол номд барууны үзэлтэй улстөрчдийг шонхор, зүүний үзэлтэй улстөрчдийг тагтаа гэдэг аж. “Эзэн Чингис цагаан шонхрыг дээдэлдэг байсан. Цагаан шонхор бол эрхэмсэг, амьдралдаа ганцхан ханьтай байдаг үнэнч шувуу” хэмээн Д.Ганхуяг гишүүн тайлбарлалаа.

Ардчилсан хүчний холбоо ТББ-д ИЗН зэрэг бусад намыхан ч байдаг. МАН-ын гишүүдээс ардчилсан үзэлтэй хэсэг нэгдэж бас болно гэдгийг гишүүд хэлж байлаа.

Тус холбоог АН-ын фракц гэж хүмүүс ойлгодог болохоос тийм биш гэдгийг Ардчилсан хүчний холбооныхон тайлбарлав. Тус холбооныхон хоёрдугаар их хурлаа ирэх тавдугаар сард хийхээр болов. Бас гишүүнчлэлийн татварыг жилд 500 мянган төгрөгөөр тогтоон баталсан юм.

Ийнхүү “Шонхор” хэмээх шинэ фракц АН дотор болон УИХ дотор шинээр мэндэлснээр чуулган өндөрлөв.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж