“Засгийн газрын цаг” маргаан дагуулав

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“Засгийн газрын цаг” маргаан дагуулав

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжиллээ. Тус хуралдаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

Засгийн газраас өнгөрсөн оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласнаар 73200 иргэн тогтмол ажлын байртай болсон. Нөгөө талаас иргэдийг ажилтай болгох чиглэлээр дан ганц Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зүгтгэх бус бусад бүх яамд харилцан уялдаа холбоотой ажиллаж,  ажлын байр бий болгох зорилт тавьсан. Ингэснээр хамгийн олон ажлын байр бий болгосон яам нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болсон. Тус яамны хувьд ийм үр дүн авчирхад жижиг, дунд үйлдвэрүүд олноор бий болсонтой холбоотой аж.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд асуулт тавих болоход УИХ дахь Ардчилсан намын бүлэг цөөнхийн эрх эдэлнэ гэдгээ мэдэгдэж, зөвхөн Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт тавих эрх эдэлнэ гэсэн юм. Гэвч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар асуулт тавихаар болж, кноп дарсан байсан нь багагүй маргаан дагуулав. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт тавих болоход нэр нь байхгүй болсонд УИХ-ын даргыг буруутгаж, “Та миний нэрийг татлаа” гэхэд Д.Дэмбэрэл дарга “Чи өөрөө татчихаад, хүн рүү чихээд байж болохгүй” гэв. Асуулт асуух боломжгүй болсон Б.Бат-Эрдэнэ гишүүн сэтгүүлчид рүү хандан “Намайг гурван жил асуулт тавих боломж олгоогүй” гэж хүртэл гоморхож үзлээ. Энэ хооронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуулт тавих цаг болоход УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Олонхийн бүлэг Засгийн газраас юу асуух юм бэ. Хуулиа барья, цөөнхийн бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт тавих эрхтэй” гэв.

Ц.Даваасүрэн гишүүн мөчөөгөө өгсөнгүй “Гурван жил чив чимээгүй явчихаад одоо гэнэт ухаан орсон юм шиг цөөнхийн бүлэг асуулт тавина гэж юу яриад байгаа юм. Гурван жил хяналт тавих эрхээ алдчихаад. Бас гурван жил хууль зөрчиж зөрччихөөд одоо болохоор хууль яриад” гэж сөргөлөө. Гэтэл,

Ч.Сайханбилэг:
УИХ-ын дарга аа, болъё оо, завсарлага авлаа шүү.

Д.Дэмбэрэл: Наад байдлаар чинь С.Оюун гишүүн ч асуулт тавих боломжгүй хэмээн хоорондоо тэмцэлдэх зуур Ц.Даваасүрэн гишүүн асуултаа асууж амжтал Ч.Сайханбилэг гишүүн “Д.Дэмбэрэл дарга аа, Ц.Даваасүрэн гишүүн урдаас чинь гараад, Б.Бат-Эрдэнэ гишүүн хойноос чинь гарсан юм уу. Хаашаа юм бэ” гэхэд танхимд байсан гишүүд бүр өдөөж, “Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ та асуултаа тавь, ингэж шоодуулж болохгүй” хэмээн “шордож” нэг үзэв. УИХ-ын чуулганы хуралдаан иймэрхүү маргаантайгаар үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж