“Сүүдэртэйгээ дайтагч” ВХ гоё байлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“Сүүдэртэйгээ дайтагч” ВХ гоё байлаа

Бүрх малгай духдуулан тавьж, бүжгийн хэмнэлтэй хөдөлгөөнөөр өөрийн гэсэн имиж бүрдүүлж, хөгжмийн ертөнцөд хөл тавьсан дуучин BX гэж хэн бэ? Тэрбээр өчигдөр тохиосон төрсөн өдрийн баяраа “UB Palace”-д фенүүдтэйгээ хуваалцаж, амьд хөгжим, дуу, бүжиг хосолсон тоглолтоор бэлэг барив.

Дөрвөн жилийн өмнөх “My Love” тоглолтоос хойш ганцаарчилсан тоглолт хийгээгүй ВХ тоглолтын эхэнд ялимгүй тэвдэж, догдолсон нь анзаарагдаж байлаа.

Хоёр өдөр үргэлжлэх “Who is BX” тоглолтын эхний өдөр төрсөн өдрийн баярыг нь хуваалцахаар фенүүд нь “UB Palace”-д дүүрэн цуглажээ.
“Шинийг надад гэрэлтүүлэх чи миний Show dance
Шүтэж амьдрахаас өөр аргагүй шүү дээ
Шүлэг дуу минь чиний төлөө

Үнэнчээ баталъя энэ миний хайр…” гэсээр хар савхиар гоёсон ВХ тайзнаа гарч ирсэн. “Зөв бай “ цомогтоо багтсан “Ивээлдээ ав” дуугаар тоглолтоо эхлүүлсэн тэр дуучин Сонортой хамтран дуулсан “3D” доргио дуугаар залуусыг хөгжөөв.  “Догь хийе”, “Хайр байж”, “Gate” гээд R&B дуунууд ар араасаа хөвөрсөөр…

“Who is BX” тоглолтын бас нэгэн чимэг нь бүжигчид байсан. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж чадсан тэд ганцхан үгээр илэрхийлбэл галзуу байсан. Дуу болгоны хэв маяг, утга санаанд уусан, эрч хүчтэй, чөлөөт, тэр бүү хэл цэнгээнт бүжгийг орчин үеийн бүжигтэй хослуулсан нь тоглолтыг илүү амьд болгож байлаа.

BX өөрөө микрофонтойгоо бүжиглэж, үзэгчдийг уулга алдуулсан. Тайзан дээрх дэлгэцэнд тусах сүүдэртэйгээ бүжгээр дайтсан нь жинхэнэ сюрприз байв. “Сүүдэртэйгээ дайтагч” ВХ үнэхээр nice байлаа.

“Who is BX” тоглолтын ээлжит бэлэг нь Маралжингоо байсан. Тайзнаа гараагүй удсан түүнийг үзэгчид дэндүү дотно хүлээн авч, BX-тэй хамтран дуулсан “MAX”, “Болсон явдал” киноны дууг нь дахиулна лээ. Харин дуучин Эгшиглэн тоглолтод хүрэлцэн ирсэнгүй. Гэхдээ ВХ  ганцаардсангүй, үзэгчдийн суудлаас өөртэй итгэлтэй, авьяаслаг бүсгүйг тайзнаа урьж, “100 хувь” дуулсан нь үзэгчдийн сэтгэлд нийцэв.  Т.Цогсогмаа гэх тэр бүсгүй СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийн хоёрдугаар  дамжааны оюутан гэнэ. Тэрбээр “Хүндэлж явдаг дуучинтайгаа санаандгүй нэг тайзан дээр гарч, хамтран дуулсандаа сэтгэл хангалуун байна” гээд, бэлтгэлгүй байсан болохоор жаахан сандарснаа нуусангүй.

Түүний тоглолтын “чухал” хэсгүүд ар, араасаа үргэлжилсээр. Дуучин Quizа, "Iсе Tор" хамтлаг, Маралжингоо, Сонор нар хамтарсан уран бүтээлаа хүргэв.

Бас "Му Love", "Чи хөөрхөн", "Sоггоw" гээд хэдийнэ олны чихэнд хоногшсон дуунуудаа шинэ хувилбараар хүргэсэн нь үзэгчдэд тааалагдсан нь лавтай. “UB Palace”-ийн их танхим хүйтэн байсан ч  дуулж, бүжиглэх залуусын уур амьсгал, орчныг дулаацуулах шиг болсон.  Дурсамж сэргээсэн аялгуу, шинэ  төрх, шинэ мэдрэмжээр дүүрэн түүний тоглолтыг зорин ирсэн залуус сэтгэл хангалуун гарсан. Энэ үдэш түшний хувьд онцгой. Онцгой гэдгийн учир түүнийг  гэр бүлийнхнээс зориулсан төрсөн өдрийн таван давхар бялуу.  ВХ  “Анх удаа л ийм олон фенүүдийнхээ хамт төрсөн өдрөө тэмдэглэж байна. Баярласан сэтгэлээ ирэлхийлсээр лаагаа үлээж амжсангүй. Та нар ч гэсэн надтай цуг хүслээ шивнээрэй” гэсээр хүсэл мөрөөдлөө бодож, анх удаа мянга, мянган фенүүдтэйгээ баярын лаагаа үлээлээ. Энэ  мөчид фенүүд нь түүнд зориулан

“Өнөөдөр миний төрсөн өдөр

Үнэнч нөхрийн маань баярын өдөр…” хэмээн дуулж, түүнийг догдлуулаад авсан шүү. Энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Үргэлж цоглог, инээмсэглэж явдаг дуучин маань энэ үдэш нулимсаа барьж дийлсэнгүй.

Шинэхэн уран бүтээл “Who is BX” дуугаа дуулахдаа тэр аавыгаа дурсан санажээ. Аавтайгаа татуулсан багын зураг  нь дэлгэц дүүрэн гарч, түүний сэтгэлийн утсыг хөндөв бололтой, нулимс мэлмэрч буй нь харагдсан.

BX энэ үдэш уран бүтээлч, хувь хүнийхээ хувьд хэн болохоо харуулж чадсан.  Тайзыг эзэгнэн, залуусыг байлдан дагуулж өөрийнхөө ертөнцөөр аялуулсан. Түүний дуулах дуу бүр нь хайр энэрэл, гэрэлт ирээдүй рүү тэмүүлсэн хүсэл зоригийн илэрхийлэл байлаа. Энэ үдэш тэр уран бүтээлчийн хувьд өөрийгөө цоо шинээр нээлээ.

Гэрэл зургийг Энд дарж үзнэ үү

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж