Жон Терри ахлагчийн туузаа шилжүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Жон Терри ахлагчийн туузаа шилжүүлж магадгүй

Английн хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн ахлагчийн үүргийг Жон Терригээс шилжүүлж магадгүй тухай мэдэгджээ. Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Дэвид Бэрнштэйн Удирдах зөвлөлийн гишүүдтэй хуралдсаны эцэст шигшээ багийн ахлагчийг солих хэрэгтэй гэдэгтэй санал нийлжээ. Гэхдээ Терри шигшээ багтаа тоглох эрх нээлттэй хэвээр үлдэнэ гэсэн байна.

Премьер лигийн “Челси” клубын ахлагч, хамгаалагч тэрбээр ийнхүү хоёр дахь удаагаа шигшээ багийн ахмадын туузаа “алдаж байна”. Тэрбээр Премьер лигийн тоглолтын хүрээнд “Квинс Парк Рейнжерс”-ийн тоглогч Энтон Фердинандыг арьс өнгөөр ялгаварласан хэргээр шүүхийн танхимд дуудагдаад байгаа. Харин Терри өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр байгаа юм.

Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жон Терригийн асуудлаар өнөөдөр шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фабио Капеллотой зөвлөлдөх гэнэ. Улмаар шийдвэрийнхээ талаар мэдэгдэл гаргах юм байна.

Итали мэргэжилтэн Капелло саяхныг хүртэл шүүх бүрэлдэхүүн Жон Терригийн буруутай эсэхийг тогтоох хүртэл түүнийг багийн ахлагчийн хувиар талбайд тоглуулна хэмээж байсан юм. Харин Английн шигшээ багийн өнгөт арьст тоглогчид Хөлбөмбөгийн холбооны зүгээс Жон Террид хатуу арга хэмжээ авахыг шаардаж байгаа билээ.

 Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж