газрын өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг
бууруулах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өргөтгөсөн хуралд Засгийн
газрын тэргүүнээс гадна сайдууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо. Мөн
Улаанбаатар хотын удирдлагуудаас гадна яам, агентлагийн холбогдох албан
тушаалтнууд оролцож сайд нарын асуултад хариулт өгсөн юм.
Нийслэлийн
агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар нь “Цэвэр агаар
сан” нэртэй тусгай сан байгуулж ажиллах болсон юм. Энэ хүрээнд
нийслэлийн зургаан дүүрэгт гэр цэгүүдийг ажиллуулж, утаагүй зуух, гэрийн
дулаалга, гонх зэргийг хөнгөлөлттэй үнээр борлуулах болсон. Одоогоор
нийслэлийн гэр хорооллын өрхүүдээс 50 мянга нь утаагүй зуух ашиглаж
байна гэсэн мэдээллийг холбогдох албаныхан энэ үеэр өглөө. Утаагүй
зуухаар гэр хорооллынхныг хангах ажил энэ онд ч үргэлжилнэ. Гэхдээ
Улаанбаатар хотыг зорих хөдөөгийнхний их нүүдэл саарахгүй жилд 40 мянган
иргэнээр бүл нэмж байгаа нь тэр хэрээр гэр хороолол тэлэх нэг шалтгаан
болж буй аж. Нөгөөтэйгүүр, түүхий нүүрсний хэрэглээнээс гадна авто
машинаас ялгаран гарах утаа нь агаарын бохирдолд тодорхой хэмжээгээр
нөлөөлөх болжээ. Зөвхөн нийслэлд өдөрт 300 мянга гаруй авто машин
хөдөлгөөнд орж байна гэсэн статистик мэдээ ч байх аж. Мөн уурын
зуухнууд агаарын бохирдолд том хувь нэмэр оруулж буй. Өнөөдрийн байдлаар
2000 орчим уурын зуух байгаа гэнэ.
Хэлэлцэж байгаа асуудлын
хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Утаа яг хэдэн хувиар
бодитой буурчихаад байна вэ. Хандгайтаас давхисаар Дөлгөөн нуур орчимд
ирэхэд утаа хоолойг аргуулж хорсгодог. Энэ нь утаатай тэмцэх үйл
ажиллагаа үр дүнгээ өгөхгүй байна гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байгаа. Ер
нь нэг сайд нь утаагүй зуухыг гэр хорооллын иргэдэд борлуулж байна,
тэдэн хувьтай гэж ярьдаг. Өөр нэг сайд нь авто машины утаа ярьдаг, ахиад
нэг сайд нь гэрийн дулаалга, хагас коксжуулсан түлш ярьдаг гээд утаатай
тэмцэх ажил талын нэг тарчихсан, хариуцлага тооцох боломжгүйгээр
тарамдуулчихаад байгааг шүүмжиллээ.
Нийслэлийн Засаг даргын
vйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболдын тайлбараар бол
утаатай тэмцэх ажил үр дүнгээ өгч байгаа гэнэ. Тэр тусмаа утаагүй зуух
үр дүн дагуулжээ. Нийслэлийн гэр хорооллын өрхүүд жилдээ 750 мянган тонн
түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Утаагүй зуухыг хэрэглэдэг болсноор
түүхий нүүрсний хэрэглээг 117 мянган тонноор бууруулсан. Судалгаагаар
хорт утаа 15.6 хувиар буурсан болох нь батлагдсан. Одоо гурав, дөрөв,
тавдугаар сар чилийж байгаа. Энэ саруудад ч галлагаа зогсохгүй
үргэлжилнэ. Тэгэхээр цаашид түүхий нүүрсний хэрэглээг мөн 100 мянга
гаруй тонноор буурах боломжийг харуулж буй. Өөрөөр хэлбэл, энэхүү
үзүүлэлт нь утаатай тэмцэх ажил үр дүнгээ өгч байна гэдгийн илэрхийлэл
хэмээлээ.
Агаарын бохирдлыг бууруулах гарц нь гэр хорооллыг
барилгажуулах явдал аж. Энэ чиглэлээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн
тодорхой хороонуудын айлуудын газрыг чөлөөлөх ажил өнгөрсөн онд нэлээд
эрчимтэй хийгдсэн. Нийт 218 айл нүүж, газраа чөлөөлсөн. Мөн түүнийг
дагуулаад газраа чөлөөлсөн айлуудыг түр амьдруулах 300 айлын орон сууц
барихаар ажиллаж эхэлсэн. Дээрх ажлууд ажил хэрэг болсноор 500 айлын
орон сууц баригдана. Орон сууц ашиглалтад орсон нөхцөлд нийслэлийн
иргэдэд нэлээд бодитой ажил харагдана гэсэн тайлбарыг нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр мөн өгсөн юм.