Монголын сагсан бөмбөгийн ертөнц үйл явдлаар өрнүүн байна. Холбооны зүгээс түүхт 50 жилийн ойг тохиолдуулан хэд, хэдэн томоохон ажил төлөвлөжээ. Тэдгээрийн нэг болох “UB Cup” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийх гэж байгаа юм. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын ивээл дор зохион байгуулах тус тэмцээн хоёрдугаар сарын 7-12-нд Спортын төв ордонд үргэлжилнэ. Тэмцээнд БНХАУ, ОХУ, Япон болон Өмнөд Солонгосын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байсан ч өнөөдөр өглөө БНСУ-ын баг Монголд хүрэлцэн ирэх боломжгүй болсноо мэдэгджээ. Мөн Өвөрмонголын баг Хятадын уламжлалт Цагаан сарын баяр тохиож буй тул Монголд ирэх эсэх нь эргэлзээтэй болсон байна. Харин Японы спортын шинжлэх ухааны их сургуулийн баг өргөн бүрэлдэхүүнтэй Монголд саатах тухайгаа албан ёсоор мэдэгджээ.Тус улсын сагсан бөмбөгийн холбооны Шүүгчдийн албаны дарга, Спорт хариуцсан захирал гээд нөлөө бүхий эрхмүүд баг, тамирчдынхаа хамт “UB Cup-2012” тэмцээнд хүрэлцэн ирэх юм байна. Түүнчлэн ОХУ-ын багийн тухайд Эрхүү мужийн Техникийн академийн баг 10 тоглогч, хоёр дасгалжуулагч, нэг албаны хүний бүрэлдэхүүнтэй ирэх аж.
“UB Cup” тэмцээнийг зохион байгуулагч Монголын багийн тухайд хоёр багаа сойно. Монголын сагсан бөмбөгийн шигшээ багаас гадна өнгөрсөн жилийн дээд лигийн аварга “Харцага” баг өрсөлдөх юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж “Өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн холбоо Пэпси брэндтэй таван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Урт хугацааны хамтран ажиллахаар гэрээнд тусгасны дагуу системчилсэн дөрвөн лигийн тэмцээнийг зохион явуулж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд эхэлсэн Пэпси хөгжлийн лиг өндөрлөх тун дөхсөн байна. Өнөөдрийн байдлаар плей-оффт өрсөлдөх дөрвөн багийн гурав нь тодорчээ. Ирэх бямба гаригт болох тоглолтоос шалтгаалан дөрөв дэх багийн нэр тодорно. Пэпси хөгжлийн лиг БТДС-ийн зааланд болж байна. Тэгвэл Пэпси коллеж лигийн тоглолтууд хуваарийн дагуу их, дээд сургуулиудын зааланд болж байна. Өнөөдрийн байдлаар багууд гурав, гурван тоглолт хийжээ. Хэсэг завсардаад байсан оюутны лиг дахин сэргэж, шинэ өнгө төрхтэй, зохион байгуулалттайгаар явагдаж байгаад их, дээд сургуулийн төлөөллүүд ам сайтай байсан. Оюутны лигийн гол зорилго нь оюутны шигшээ баг бүрдүүлэх, цаашлаад холбооны шинэ дүрэм журам, бодлогын дагуу ур чадвартай шилдэг тоглогчдыг драфтаар дээд лиг рүү дэвшин тоглох боломж олгох юм. Харин Пэпси жуниор лиг буюу хүүхдийн лигийн тухайд өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн. Багууд одоогийн байдлаар долоон тоглолт хийгээд байна. Улс орон даяар ЕБС-ийг хамарч байгаа Пэпси жуниор лигт 40 баг оролцож байна” гэх мэдээлэл өглөө.