“2031 онд ДНБ 10 мянган ам.доллар байна”

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“2031 онд ДНБ 10 мянган ам.доллар байна”

МАН-ын гуравдугаар Бага хуралдаанаас өчигдөр “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг баталсан юм. Түүнд тусгаснаар 2031 онд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрэхээр байгаа. Иймд бид Монгол Улсын эдийн засгийн өсөлт үнэхээр энэ хэмжээнд хүрэхээр байгаа юу, бас хэр боломжтой талаар “Монгол” дээд сургуулийн захирал, эдийн засагч Н.Дашзэвэгээс тодруулсан юм.

-МАН ирэх 20 жилд буюу 2031 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 60 мянган ам.долларт хүргэх хөтөлбөр  дэвшүүллээ. Эдийн засагч хүний хувьд хэр боломжтой хөтөлбөр дэвшүүллээ гэж харж байна вэ?

-За байз 1960 онд бил үүдээ,  Оросын коммунист нам “20 жилийн дараа коммунизм байгуулна” гэж мянгуужингийн  үлгэр зарлаж байсантай  адил сонсогдож байгаа.  

МАН “Т – 21  хэмээх загварын аргачлалаар хөтөлбөрөө боловсруулсан”  гэж  “Монголын үнэн” сонинд  бичсэн байсан.  Хөтөлбөр боловсруулсан ажлын хэсгийн дэд ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн загварыг анх удаа боловсруулсан” гэж ярилцлага даа  хэлсэн байсан. Millennuim-institute.org гээд орж энэ институтийн боловсруулсан  “Т21” загварын танилцуулга, энэ загварыг худалдаж авч нутагшуулсан орнуудын нэр,  прогнозын график  тооцоонуудыг  харж болно. Энэ загварыг худалдаж, тусгай зөвшөөрөл олгодог тул түүнийг  болон аргачлалыг нь дурын хүн үзэж болохгүй. Энэ сайтад Монголтой холбоотой ямар ч мэдээлэл байхгүй.  Иймд  МАН энэ загварын аргачлалаар хөтөлбөрөө боловсруулсан гэдэг  нь батлагдахгүй байгаа юм. 

Хоёрдугаарт, санаагаараа тоо тавьчихаад загварын нэрийг ашиглах гэж оролдсон байна гэсэн шүүмжлэлийг  би саяхан “Нийгмийн толь”  сонинд бичдэг буландаа тавьсан юм. Гэтэл үүний дараахнаас Баабарын нийтлэлээс харав уу даа, энэ тооцоог “Сити групп” хийсэн гэж бичсэн байсан. МАН-ын дарга С.Батболд ч  “Харин уг тооцоо, төслөөлөл нь дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн банк санхүүгийн байгууллагуудын тооцоотой дүйцэн мөргөж байгаа нь урамтай” гэж бага хурал дээрээ хэлсэн.  Ингээд “Сити групп”-ын  тооцоог интернетээс хайсан чинь ирэх 20 жилд   Willem Buiter and Ebrahim Rahbari нар Монголын эдийн засаг 2030 он хүртэл жилд 8.7 хувь өснө гэсэн прогнозыг  2011 оны хоёрдугаар сарын 25 нд гаргасан мэдээллээс олов. 

-Тэгэхээр он оноор нь нарийвчлаад 2031 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрэх нь үү гэдгийг та гаргаж үзсэн юм уу?

-Тооцоог хийж үзье л дээ. Тухайлбал, 2011 онд  ДНБ 11 их наяд төгрөг арай хүрэхгүй гарснаас эхэлье.  Жилийн өсөлтийг  10 хувь гэж үзье.  2012 онд   12.1 , 2013 онд 13.3, 2014 онд 14.6 , 2015 онд 16,  2016 онд 17.6 , 2017 онд 19.42   2018 онд 21.3,  2019 онд 23.4,  2020 онд 25.7,  2021 онд  28.2,  2022 онд 31, 2023 онд 34.1, 2024 онд 37.5, 2025 онд 41.2, 2026 онд 45.3, 2027 онд 49.8, 2028 онд  54.7, 2029 онд 60.1, 2030 онд 66.1, 2031 онд 72.7 тэрбум төгрөг  тус тус  гарч байна. Үүнийг 3.5 сая хүндээ хуваавал 21 сая төгрөг орчим төгрөг болж байна. Ам долларын ханшийг хамгийн багаар бодоход  2000 төгрөг болно гэвэл 10 мянга орчим ам.доллар гарч байна. 

Иймд “Сити” банкны тооцоогоор нэг хүнд оногдох ДНБ  2031 онд 10 орчим мянган ам доллар гарч байна.  Энэ чинь 60 мянган ам.доллараас зургаа дахин бага байгаа биз дээ. Хэрвээ би буруу тооцоо хийгээгүй бол шүү дээ.

-Гэхдээ Оюутолгой, Тавантолгойн ордыг 100 хувь ашиглалтад оруулаад, аж үйлдвэрийн цогцолбор баригдсанаар эдийн засгийн өсөлт улам дээшлэхгүй гэж үү?

-Оюутолгой, Тавантолгой, Сайншандын парк байгуулагдсны дараа  эдийн засаг эрс тэлэх ч үүнээс цааш  өсөлтийн хурд буурах хандлагатай байна. Иймд жигд өндөр өсөх тооцоо худлаа талдаа гарна. МАН-ын дарга, Ерөнхий сайд  С.Батболд  “Эдийн засгийг бүхэлд нь томъёолсон математик-загварыг монгол мэргэжилтэнүүдийнхээ хүчээр боловсруулж ашигласан” гэж хэлсэн. Тэгэхээр  энэ мэргэжилтнүүд загвар, тооцоогоо ард түмэндээ үзүүлэх л үлдээд байна. Эс тэгвээс загвар тооцоо хийгээгүй байна. Ер нь 2031 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрнэ гэсэн мэдээллийг цацсанаас эхлээд олон нийтийн дунд “60 мянган ам. доллар” гэдэг мянгуужингийн үлгэрийг МАН-ынхан зохиож, нам, ард түмнээ ээ хуурчээ  гэсэн үзэл бодол зонхилох болсон нь хуудуугүй үнэн шүү дээ. Түүнийгээ дагаад МАН-ын сонгуулийн хөтөлбөр ч бас “Мянгуужингийн үлгэр” байх нь гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж