“Голланд сэндвич” компани байгуулж татвараас зайлсхийх нь цөөнгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“Голланд сэндвич” компани байгуулж татвараас зайлсхийх нь цөөнгүй

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.

-Дэлхийн томоохон компаниуд хоёр улсын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах гэрээ, давхар татварын гэрээг ашиглаж татвараас зайлсхийдэг гэсэн хардлага, шүүмжлэл их байдаг. Энэ талаар тайлбар өгнө үү.

-Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хоёр талт хэлэлцээр, давхар татварын хэлэлцээрүүдийг улс орнууд өөр хоорондоо байгуулдаг. Гэвч эдгээр гэрээ хэлцэлийг урвуулан ашиглах зорилгоор гэрээ хэлцэлтэй оронд “офшор компани” (татварын таатай орчинтой улс оронд бага татвар төлөх зорилгоор байгуулагдсан компани) байгуулах, хөрөнгө оруулалтаа шилжүүлэх зэрэг үйлдлүүд гардаг. Хэдэн жилийн өмнө олон улсын татварын хуульч нар “Голланд сэндвич” гэсэн нэр томъёог гаргаж ирсэн байдаг. Уг нэр томъёоны гол утга санаа нь А улсын хөрөнгө оруулагчийн В улсад оруулсан хөрөнгө оруулалтын дунд Нидерландад байгуулсан компани бага татвар төлөх зуучлагч болж өгч буй явдал юм. Нидерланд улсын маш олон улс оронтой байгуулсан татвар, хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ хэлцэл болон дотоодын татварын таатай орчин нь нийлээд А улсын хөрөнгө оруулагч В улсад бага хувь хэмжээгээр ногдол ашгийн татвар төлөх, Нидерланд улсад зарим татвараас чөлөөлөгдөх боломжийг олгодог. Үндэстэн дамнасан корпорациудын Нидерланд улсад байгуулсан аж ахуйн нэгжээрээ дамжуулан татвараас зайлсхийхийн тулд Нидерланд улсаар дамжуулсан мөнгөн урсгалын дүн 2004 онд 4.4 тэрбум евро байсан бол 2010 онд 10 тэрбум евро хүрч эрс өссөн байдаг. Энэ нь Нидерландын ДНБ-ний дүнгээс даруй 17 дахин их дүн юм.

-Олон улсын гэрээ хэлцэлийг ашиглаж татвараас зугтсан гэдгийг хэрхэн тодорхойлдог вэ, үүнийг шүүхээр шийдүүлсэн жишээ байдаг болов уу?

-Тухайн нэг улсаас орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан гэрээ хэлцэлийг нь бүх дэлхийн хөрөнгө оруулагчид ашиглаж байгаад дургүйцэж, гэрээ хэлцэлээ эргэн нягтлах, тэдгээрийг урвуулан ашиглах явдлыг хаах заалтуудыг оруулах чиглэлээр арга хэмжээ ихэнх улс орнууд авч эхлээд байгаа юм.

Хоёр улсын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дамжих, харилцан хамгаалах” хэлэлцээрийг зөрчиж, гадаадын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандлаа гэж үзэн үндэстэн дамнасан корпорациуд хөрөнгө оруулалт хийсэн улсынхаа Засгийн газрыг арбитрийн шүүхэд дуудах явдал нилээд түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч олон улсын гэрээ хэлцлийг урвуулан ашигласан нь арбитрийн шүүхээр тогтоогдвол тухайн компанийн нэр хүнд олон улсын тавцанд эрс унадаг. Энд нэг жишээ дурдвал Израли улсад төвтэй Phoenix Action компани Бүгд Найрамдах Чех Улс болон Израли Улсын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээрийн заалтыг үндэслэн Бүгд Найрамдах Чех Улсыг арбитрийн шүүхэд 2002 онд өгсөн байна. Арбитрийн шүүхийн шийдвэр 2009 онд гарсан ба Phoenix Action компанийг “олон улсын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээр”-ийг урвуулан ашигласан гэж үзэж, арбитрын бүх зардал болон БНЧУ-ын Засгийн газраас зарцуулсан хуулийн зардлыг бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ хэргийг арбитраар хэлэлцэж байх үед олон улсын гэрээ хэлцэлийг урвуулан ашиглаж буй явдалд дургуйцэх олон нийтийн хандлага эрс нэмэгдсэн гэж олон улсын шинжээчид үздэг.

-Манай улсад орж ирж буй хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Энэ хирээр томоохон компаниуд дээр таны тайлбарсны адилаар олон улсын гэрээ хэлцэлийг ашиглаж татвараас зугтаж буйг үгүйгэх аргагүй юм. Үүнээс хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Манай улсад үйл ажиллагаа явуулж буй зарим гадны хөрөнгө оруулалттай компаниуд ялангуяа уул уурхайн салбарт ажилладаг компаниудын толгой компани Нидерланд, Люксембург зэрэг улсуудад бүртгэлтэй байдаг. Энэ нь бизнесийн олон учир шалтгаантай байж болох хэдий ч эдгээр улсуудтай байгуулсан давхар татварын гэрээний зарим заалтыг ашиглах зорилгоор дээр хэлсэнчлэн “Голланд сэндвич” компани байгуулж, татвараас зайлсхийж байна гэж үзэж болох юм.

Монгол улс өнөөг хүртэл “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ”-г нийт 35 улстай, “Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхүүлэн дэмжих хэлэлцээр”-ийг нийт 40 гаруй улстай байгуулсан байна. Эдгээр гэрээний дийлэнхийг шилжилтийн эдийн засгийн үед буюу эдийн засаг, нийгмийн хөгжил төлөвшөөгүй, олон улсын эдийн засаг, худалдаа, татварын харилцааны талаарх мэдлэг нимгэн байх үед байгуулсан. Тэр үед Монгол Улсын хувьд тулгамдаад байсан гол асуудал бол гадаад харилцаагаа сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа хөгжүүлэх явдал байсан. Одоо бид эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд яваа учраас өмнө байгуулсан гэрээ хэлцэлүүдээ эргэн харж, засч залруулах шаардлага зайлшгүй тулгараад байна.

Нийгэм, эдийн засгийн байдал өөр байсан үед манай улсаас бусад улс оруудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээрүүд, давхар татварын хэлэлцээрүүдийг эргэн нягтлан, боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр Сангийн яам, Гадаадын хэргийн яам нэгдсэн байр суурьтай байгаа юм.

-Олон улсын гэрээ хэлцлүүдийг боловсронгуй болгох чиглэлээр эхлүүлсэн ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Юуны өмнө, бид Нидерланд болон Люксембург улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Манай талаас гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Нидерланд, Люксембург улсуудад 2011 оны 3, 5 дугаар сард хоёр удаа дипломат шугамаар тавьсан. Нидерланд улс манай саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн бол Люксембург улсаас харин ямар нэг хариу өгөхгүй таг чиг болсон. Учир байдлаа сайтар тайлбарлаж, хэрэв хүлээн авахгүй бол дангаар гэрээг цуцлах арга хэмжээ болно гэдгийг 2011 оны 9 дүгээр сард дипломат захидал илгээж мэдэгдсэний дараа гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг аль аль тал нь хүлээн авсан.

Одоо бид гэрээнд өөрчлөлт оруулах өөрийн талын саналыг нөгөө талд хүргүүлэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь татвараас зайлсхийх зорилгоор гадаадын компаниуд дээрх хэлэлцээрүүдийг ашиглаж байгаа нь хоёр улсын найрсаг харилцаанд сэв суулгах учиргүйг айлын талд сайтар тайлбарлаж, гэрээ хэлцэлийг урвуулан ашиглах явдлыг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хааж өгөх нь чухал юм. Хэрэв яриа, хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, хэлэлцээрийг дангаар гэрээг цуцлах арга хэмжээ авах болно.

Б.Гал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж